Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүхийн ил захидал

Сүхбаатар дүүргийн ард иргэд ээ,

Манай Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны төлөө тэмцлийг улс орон даяар иргэд сонгогчид та бүхэн
маань дэмжиж, итгэл сэтгэлээ өгөн хамтран зүтгэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дэлхий
дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэлд элгэн садан монголчууд маань нэгэн сэтгэлээр нэгдэж
цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар зүтгэж байгаа энэ цаг үед УИХ-ын ээлжит сонгууль явагдаж байна.
МАН эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын
хувьд 2020-2024 онд нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоох, нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах,
хөгжил дэвшлээс хүн бүрт хувь хүртэж байх, дундаж давхаргыг дэмжих зорилго бүхий мөрийн хөтөлбөрийг
боловсрууллаа. Энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд би ёс зүйтэй, нэр цэвэр, мэдлэг боловсролтой,
ажлын туршлагатай, салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг хүмүүсээр багаа бүрдүүлсэн юм.


Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт МАН-ын шинэ залуу үеийн төлөөлөл, эрдэмтдийн төлөөлөл,
эмэгтэйчүүдийн төлөөлөл болгон Цэрэнжамцын Мөнхцэцэгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Гадаад
хэргийн сайд Д.Цогтбаатар нарын хамт илгээж байна. Цэрэнжамцын Мөнхцэцэг маань төрийн бодлого
боловсруулах салбарт судалгаа шинжилгээ хийж зөвлөмж өгдөг, улс төр судлаач эрдэмтний хувьд УИХ-д
иргэд та бүхнээ төлөөлөн хүчтэй дуугарч, бодлого шийдвэрт иргэдийн эрх ашгийг тусган хэрэгжүүлэхэд
бэлтгэгдсэн мэргэжилтэн билээ.

Та бүхэн Цэрэнжамцын Мөнхцэцэгийг дэмжин Ерөнхий сайдын багтаа хүчээ нэгтгэхийг уриалж байна.

 

Монгол улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга

 Ухнаагийн Хүрэлсүх