Таван ЯАГААД

1 Таныг улс төр судлалаар мэргэшсэн эрдэмтэн гэж сонссон. Эрдэмтний ажлаа ЯАГААД орхиж, улс төрд орох шийдвэрийг гаргав?

-Миний хувьд ард иргэдийнхээ дунд олон жил судалгаа хийж, иргэдийнхээ тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх арга замыг боловсруулж УИХ-ын хууль, хөтөлбөрүүдэд бодлогын зөвлөмж өгч ажиллаж ирсэн. Энгийнээр хэлбэл шийдвэргаргагчдад бодлого боловсруулж өгдөг байсан гэж ойлгож болно. Гэвч УИХ-ын гишүүд бидний санал зөвлөмжийг авахгүй, өөрсдөдөө ашигтай байдлаар хууль тогтоомжоо батлах явдал удаа дараа гарч байлаа. Мөн төр баригчид иргэдийн хүлээлтийг умартах, өөрсдийгөө хаацайлсан шийдвэрүүд гаргаж байсан. Тухайлбал, авлигачидтай тэмцэх, олон жил яригдаад шийдэгдэхгүй байгаа том хэргүүдийг шийдэх, Бондуудын өрийг барагдуулах, Эрдэнэтийн
49 хувь болон ЖДҮ-гийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал удааширсаар байна. Тийм учраас төрийн бодлогын салбарт мэргэшсэн, ард иргэдийнхээ амьдралыг сайн мэддэг хүний хувьд өөрийн биеэр шийдвэр гаргах түвшинд гар бие оролцож, Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2 ЯАГААД Монгол Ардын нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт хүчээ нэгтгэх болов?

-Миний ээж эмч мэргэжилтэй эхээс гурвуулаа, эмээтэйгээ тавуулаа өссөн, эгэл бор амьдралаас өнөөг хүртэл явж ирсэн. Hийгэмд шударга ёс, тэгш байдал чухал гэдгийг багаасаа мэдэрсэн. Зөвхөн эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүнд боломж олддог, танил талаараа асуудлыг шийддэг нийгмийн бурангуй ёстой нүүр тулж байсан. Их сургуульд байхдаа Японд суралцах тэтгэлэгт сургуулиасаа шалгарч байсан боловч яамны “арын хаалга” гэдгийн уршгаар явж чадаагүй. Мөн “эмэгтэй хүн” гэдгээрээ хасагдаж, хойно үлдэх тохиолдол гарч байлаа. Тийм учраас хүн бүрт боломж өгдөг, нийгмийн тэгш байдал, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай МАН-ыг сонгосон юм.

3 ЯАГААД бид таныг сонгох ёстой вэ?

-УИХ-ыг бодлогын мэргэжилтнүүд, салбар бүрийн бодлого тодорхойлох чадвартай хүмүүс бүрдүүлэх нь зөв гэдэг
үнэлэмж иргэдийн ухамсарт хэдийнэ суужээ. Мөн тодорхой ёс зүйн шалгуурыг сонгогчид чухалчилдаг болсон. Ямар нэг авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй нэр цэвэр хүмүүс Монгол төрийг авч яваасай гэсэн хүлээлт иргэдийн дунд түгээмэл байгаа юм. Миний туулсан амьдрал, хуримтлуулсан туршлага иргэдийн хүлээлтэд нийцэж байгаа. Тийм учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн салбарт ажиллаж байгаагүй, улс төр, хууль, эдийн засаг, анагаах ухаан, боловсролын салбарын шилдэг эрдэмтэн, залуусыг нэр дэвшүүллээ. Намайг МАН- ын шинэ залуу, нэр цэвэр, шинэ үеийн төлөөлөл хэмээн Сүхбаатар дүүрэгт илгээлээ.

4 ЯАГААД Сүхбаатар дүүргийг сонгов?

-Би Сүхбаатар дүүрэгт төрж өссөн. Миний сурч байсан дунд сургууль, их сургууль, ажиллаж, амьдарсан бүх зүйл энэ дүүрэгтэй салшгүй холбоотой. Дүүрэг маань хэрхэн хөгжиж ирсэн, шилжилтийн 30 жилд ямар асуудлуудтай тулгарч, даван туулж байгааг, өөрийн амьдралаараа мэднэ. Сүхбаатар жанжнаараа овоглосон нийслэлийн энэ том дүүрэгт ямар ажил хийх шаардлагатайг, тэр бүхнийг төрийн бодлогын түвшинд хэрхэн тусгахыг судлаач хүний хувьд сайн мэднэ. Тиймээс МАН-ын удирдлага намайг Сүхбаатар дүүргийн иргэдийнхээ итгэлийг дааж төрд сонгогдож чадна гэж үзсэн байх.

5 ЯАГААД Хэрэв та УИХ-д сонгогдвол нэн тэргүүнд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна? ЯАГААД тэр ажлаас эхлэх вэ?

-Нэгдүгээрт, шударга ёсыг нийгмийн бүх салбарт тогтоох, эрх мэдэл, баялгийн шударга бус хуваарилалтыг арилгахын төлөөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцэлд гар бие оролцож, судалгаа зөвлөмж өгч байсан мэргэжилтний хувьд төрийн алба, улс төрийн нам, УИХ болон орон нутгийн бүх түвшинд ёс зүйг чангатгах хууль тогтоомжуудыг санаачлан ажиллах болно. Иргэдийн маань цалин орлого амьдралд хүрэхгүй байна. Манай судалгаагаар “Үнэнчээр хөдөлмөрлөвөл хэдэн жилийн дараа байртай болох вэ?” гэхэд иргэдийн 63 хувь нь 20 юмуу түүнээс олон жилийн дараа л байртай болно гэж хариулсан байдаг. Эдийн засаг өсч, нийслэл, дүүргийн бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа ч иргэдийн ахуй амьдралд төдийлөн мэдэгдэхгүй байна. Шүүх засаглал, шүүх шинжилгээний дүгнэлтүүдэд иргэд сэтгэл дундуур байна. Авилгачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завшаад гарч байхад, ардын хүүхдүүдэд алагчилсан шийдвэр гаргаж байна гэж олон нийт үздэг. Иймд шударга ёсны засаглалыг тогтоох, баялгийн шударга бус хуваарилалтыг арилгах, баян ядуугийн ялгааг багасгаж дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх гол хуулиуд болох Баялгийн сан, Хуримтлалын сан, Нийгмийн даатгалын хууль, Улс төрийн намын тухай хууль, Шүүхийн тухай  хуулиудыг шинээр боловсруулахад гар бие оролцох
болно. Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлах асуудлыг санаачлан хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, боловсролын салбарт 20 гаруй жил багшаар ажиллаж ирсэн эрдэмтний хувьд дэлхийн жишигт хүрсэн боловсролыг хүүхэд бүрт олгохын төлөө зорьж ажиллана. Францын алдарт зохиолч, соён гэгээрүүлэгч Виктор Хюго “Сургуулийн хаалга нээгдэхэд шоронгийн хаалга хаагдана” гэж хэлсэн байдаг. Монгол хүүхэд бүр чанартай боловсролыг авах ёстой. Гэтэл өнөөдөр ийм байж чадахгүй байна. Сүүлийн 10-аад жилийн ЭЕШ-ын үр дүнг харахад 680-аас дээш оноо авч байгаа хүүхдүүдийн эцэг эхийн орлого тэр хэмжээгээр өндөр байна. Эцэг, эх нь орлого өндөртэй байхын хэрээр хүүхдээ сайн сургуульд өгч, хичээлээс гадуур нэмэлт сургалт авч байна. Гэтэл дундаж болон бага орлоготой айлын хүүхдэд тийм бололцоо олдохгүй байна. Хэрвээ бид хүүхэд бүртээ чанартай боловсрол олгож чадахгүй бол цаашид Монголын нийгэм зэрэг зиндааны хүчтэй ялгаа руу орно.

“Улс орны хөгжлийг дэмжих гэж байгаа бол боловсролыг нэгдүгээрт тавих хэрэгтэй.Боловсрол бол тэгш бус байдлыг бууруулах гол механизм юм”

Хүүхэд бүрийг тэгш хамруулсан чанартай боловсрол олгохгүйгээр, ард иргэддээ насан туршдаа суралцах боломж өгөхгүйгээр бид ядуурлыг таслан зогсоож чадахгүй. Дунд сургуулийн нэг ангийн 50 гаруй хүүхдэд хичээл зааж буй багшийн ачааллыг багасгаж, цалин урамшууллыг өндрөөр тогтоох хэрэгтэй байна. Цэцэрлэгийн багшийнх мөн адил ачаалал өндөр атлаа цалин бага байна. Багшийн цалин урамшууллыг хэд дахин нэмэх ёстой.Тэгэхгүй бол өндөр төлбөртэй хувийн сургуулиуд сайн багшийг мөнгөөр зодож авчихаад байна. Жишээлэхэд сүүлийн хэдэн жил Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүдийг МУБИС-д төрийн зардлаар үнэ төлбөргүй сургаад төгсгөдөг ч ажил дээр гараад улсын сургуульд ганц хоёр жил багшлаад өндөр цалинтай хувийн сургууль руу шилжчихсэн байх нь элбэг. Багшийн цалинг нэмээд зогсохгүй нийгэм дэх багш мэргэжлийн үнэ цэнийг өргөх, боловсролын бүх шатны байгууллагуудад өгөх төрийн дэмжлэгийг өргөжүүлэх ёстой. Эцэг эхийн орлогоос үл хамааран тэгш хүртээмжтэй, чанартай боловсролыг хүүхэд бүрт олгох тал дээр би онцгойлон ажиллах болно.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэгийн  сурталчилгааны сэтгүүлээс