ТЭР...

Түүний нэрийг эчнээ мэдэх болсон маань 2013 оны орчимд болов уу. Eagle.mn сайт, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлд Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн явцын тухай сонирхолтой нийтлэлүүд, уншвартай бичвэрүүд хэвлэгдэх болсон нь Цэрэнжамцын Мөнхцэцэгийн бүтээлүүд байсан юм билээ. Дараа нь 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өнөөх улс төр судлаач доктор маань жинхэнэ тренд болсныг санаж байна. Телевизүүд хэлэлцүүлэгт зогсоо зайгүй урьж, нийтлэл материалыг нь авч тавьдаггүй сайт ч байхгүй болсон санагдана.Товчхондоо Монголын улс төрийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийн нэг гэдгийг улс төрийн идэвхтэй хүрээнд хүлээн зөвшөөрсний илрэл нь тэр биз ээ.

5 НАСТАЙДАА УНШИЖ СУРСАН 5 ОНЦЫН ЭЗЭН

Цэрэнжамцын Мөнхцэцэгийн туулсан амьдрал, дурсамж дурдатгалтай Сүхбаатар дүүрэг буюу хуучнаар Сүхбаатарын район салшгүй сэжмээр холбоотой. Хүүхэд ахуй нас нь өнөөгийн Сүхбаата нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар таван буудалд өнгөрсөн. Сүхбаатарын районы 17 дугаар сургуульд 1983 онд нэгдүгээр ангид элсэж орохоосоо гурван
жилийн өмнө буюу 5 настайдаа уншиж, бичиж сурсан гэдэг. Бичиг үсэг эрт яаран сурахад өдөөн “хурцалсан” хүн нь түүний төрсөн ах Ц.Мөнхбат. “Ахын нэгдүгээр ангийн шинэ жилийн баярт би эмээтэйгээ очсон юм. Онц сурдаг хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлэг авдаг гэдгийг тэгэхэд анх мэдсэн. Ах маань нэгдүгээр ангидаа онц сураад “Ну, погоди”- гийн маш гоё зурагт номоор шагнуулсаныг одоо ч тод санаж байна. Би тэр үед хурдхан сургуульд орж, ах шигээ онц сурах юм шүү гэж өөртөө зорилго тавьсан. Тийм зорилготой нэгдүгээр ангид орсон надад өвлийн өвгөнөөс бэлэг аваагүй жил байгаагүй дээ. Ах маань ном их уншдаг, орос хэлэндээ сайн сурагч. Би түүн шиг л ном уншдаг болно гэж урам авдаг байлаа. Миний бага ангийн багш Д.Энхтуяа манай ахын бас багш нь. Сайн ах, сайн багшийн нөлөөгөөр эрдэм ном чухал гэдгийг эрт ухаарсан”. Онц сурлагатнууд ангийн дарга, пионерын бүлгэмийн дарга болдог жишгийг Цэрэнжамцын Мөнхцэцэг ч мөн дагасан. Нийгмийн идэвх өндөр, олон нийтийг удирдах ажлыг хүүхэд байхаасаа хийсэн дадал зуршил нь өнөөгийн улс төрийн зүтгэлтэн Цэрэнжамцын Мөнхцэцэгийг бий болгоход чамгүй нөлөө үзүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. “Би пионерын байгууллагын идэвхтэн гишүүн байсан учраас нийгэм, улс төрийн үйл хэрэгт ойр хүмүүжсэн. Ангийн болон бүлгийн хүүхдүүддээ мэдээлэл өгнө. “Пионерын үнэн” сонинд материал бичнэ. Долдугаар ангийн сурагч хэдий ч мэдээлэлд ойр байснаар 1990 оны ардчилсан хувьсгалыг сонор, соргог хүлээж авсан” 

АРДЧИЛАЛ-АРВАН НЭГДҮГЭЭР ХОРООЛОЛ- АНХНЫ ЧӨЛӨӨТ СОНГУУЛЬ

Хөрөг нийтлэлийн маань гол дүрийн амьдралд СҮХБААТАРЫН гэх тодотгол дахин нэмэгдсэн нь 1990 онд шинээр ашиглалтад орсон 11 дүгээр хороололд тэднийх нүүн ирснээр Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн II сургуульд шилжин суралцах болжээ. Шинэ хороололд амьдарч, шинэ орчин, шинэ анги, шинэ найз нөхөдтэй болохын
зэрэгцээ огт төсөөлөөгүй амьдралын шинэ сорилтод дасан зохицохоос өөр аргагүй болсон нь зах зээлийн нийгэм байлаа. Өөрчлөлт шинэчлэлийн цаг үед өсвөр насаа үдсэн хүмүүсийн адилаар картын бараанд дугаарлаж, хүнсний барааны хомсдол, тог цахилгааны хязгаарлалт гээд шилжилтийн хүнд цаг үеийг биеэрээ мэдэрч өссөнөө тэр дурсдаг. Нийгмийн идэвхтэй сурагч охин төрийн тогтолцоо яаж орвонгоороо өөрчлөгдөж болдгийг нүдээрээ харж туулсан тухайгаа “1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Би сонгуулийн насанд хараахан хүрээгүй байсан ч чөлөөт сонгуулиар иргэд санал өгч болдог юм байна. Ардчилсан тогтолцоонд иргэд төр засгийн шийдвэрт их нөлөөтэй оролцдог юм байна гэдгийг тэгэхэд анх мэдэрсэн” гэж дурссан юм. Нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн давалгааг мэдэрсэн ч сонгосон мэргэжлээ солих тухай огт бодоогүй гэдэг. Сургуулиа, дүүргээ төлөөлж математик, физикийн олимпиадад тогтмол амжилттай оролцдог ч тамирчин болно гэж хатуу шийдсэн Цэрэнжамцын Мөнхцэцэгийг хувь заяаны гэнэтийн өөрчлөлт, насан туршийн үйл хэрэг рүү нь хөтлөх нь тэр!

НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮНДХЭН ЦАГ ҮЕИЙН ОЮУТАН

Монгол Улсын боловсролын тогтолцоо өөрчлөгдөж, улсын их дээд сургуулиуд оюутнуудаас төлбөр авч эхэлсэн жил буюу 1993 онд Цэрэнжамцын Мөнхцэцэг МУИС-ийн оюутан болсон түүхтэй. Түүнийг дунд сургуулиа төгсөхөөс хэдхэн
жилийн өмнө улаан шугамын дээр онц дүнтэй төгссөн хүүхдүүд гадаадын их, дээд сургуулийн хуваарь авдаг байсан ч харамсалтай нь 1990 оноос хойшхи төгсөлтийнхөн нийгмийн өөрчлөлтийн хамгийн хүнд үед боловсрол эзэмших шалгуурыг давах хэрэгтэй болжээ. “Тухайн үед их сургуулийн төлбөр 25000 төгрөг байсан. Тэр цагт асар их мөнгө шүү дээ. Ээж маань эмчийн ажилтай, гурван хүүхэдтэй хүн. Манай ах онц сурлагатан байсан ч дунд сургуулиа төгсөөд цэрэгт татагдаж, хоёр жил алба хааж ирээд, суралгүй ажил хийсэн юм. Оюутан болсон миний төлбөрийг
төлөхийн тулд тэр л дээ. Ах маань хоёр охин дүүдээ дээд боловсрол эзэмшүүлсэн ачтан” Төрсөн ах Ц.Мөнхбат нь дүүгийнхээ боловсролд хоёр дахь удаагаа маш чухлаар нөлөөлсөн нь энэ. Онц сурахын үр шимийг үлгэрлэж дүүгээ хурцалсан ах нь энэ удаад өөрийгөө умартаж дүүдээ боломж олгосон нь Цэрэнжамцын Мөнхцэцэгт дараа дараагийн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж өгчээ.

НЭГ АНГИЙН УЛААН ДИПЛОМТОЙ ХОСУУД

Улс төр судлаач мэргэжил сонгосноороо нийгмийн шилжилтийн үед төрийн эрх мэдэл, хувь хүний үүрэг нөлөө ямар байх ёстойг, шилжилтийн цаг үеийг хэрхэн даван туулахыг мэргэжлийн үүднээс ойлгоход илүү дөхөм байсныг тэр онцолдог. Улс төр, нийгмийн дэглэмтэйгээ цуг замхарсан шинжлэх ухаан коммунизмын онолын хичээлийн сул орон зайд 1992 онд цоо шинээр Улс төр судлалын танхим байгуулагдан 1993 онд анхны элсэлтээ авахад 13 оюутан шинээр элсэж байсны нэг нь түүний ирээдүйн хань Д.Бадамдаш. Улс төр судлалын анхны ангийнханд судлах ном
бүтээл, сурах бичиг ховор. Тиймээс гадаад хэл дээр хэвлэгдсэн онолын номуудыг уншихын тулд хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ. Хичээлээ хамт давтдаг, гадаад хэлийг хамт судалдаг нэг ангийн гурван найз 1997 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетыг улаан дипломтой төгссөний хоёр нь Д.Бадамдашийн гэр бүл. Нөгөө
нь МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч доктор, профессор Ж.Төртогтох юм. Цэрэнжамцын Мөнхцэцэг МУИС-ийг төгссөн цагаас хойш гэр бүл зохион халамжит хань, эх хүний хариуцлагатай үүргийнхээ хажуугаар эрдэм мэдлэгийн хязгааргүй оргил өөд тэмүүлж, ХБНГУ- ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж, ХБНГУ-ын Билефельд их сургуульд улс төр судлалын докторантурт суралцсан дайчин, шаргуу бүсгүй. Эмэгтэй хүн ар гэрийн ажлаас гадна, академик ертөнцөд өөрийгөө зориулж эрдэм судалгааны
ажил хийнэ гэдэг амаргүй даваа. Тэгээд зогсохгүй улс төрийн амьдралд эргэлт буцалтгүй ороход эрчүүдтэй харьцуулахад 2-3 дахин их ачаалал үүрэх ч тэр бүхнийг үл тоон спортоос сурсан тууштай зан, тэвчээр хатуужлаар давж одоо бодлого боловсруулагчаас шийдвэр гаргах түвшин рүү тэмүүлж байна. Боловсрол хүний аж амьдрал, ирээдүйн ололт амжилтад хүргэх гол хэрэгсэл гэдгийг түүний замналаас харж болно.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэгийн  сурталчилгааны сэтгүүлээс