УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг байгууллаа

УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн нийгэмд тулгамдаад байгаа олон асуудалд анхаарлаа хандуулж, бодлогын түвшинд хамтран ажиллахаар Эмэгтэй гишүүдийн бүлэг байгууллаа.

Эмэгтэй гишүүн бүр өөр өөрийн Байнгын хороо, дэд хорооны эрхлэх ажлын хүрээнд тодорхой салбарын асуудлаар бодлого боловсруулан ажиллах болов. Миний хувьд хүний эрхийг хангах, тэр дундаа цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг хариуцах болов.

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогчид дийлэнх нь хүүхэд, өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүд байна. Мөн залилах, сүрдүүлэх, заналхийлэх гэх мэт уламжлалт гэмт хэргүүд цахим орчинд шилжиж байгаа тухай цагдаагийн мэдээлэлд дурьджээ. Цахим луйврын хохирлын хэмжээ л гэхэд 7-8 тэрбумд хүрсэн байна.

Өөр нэг зүйл гэвэл, Зөрчлийн тухай хуулиар цахим орчинд хүний нэр төрд халдах, гүтгэн доромжлох нь гэмт хэрэг биш зөрчил болсон. Гэтэл тухайн гүтгэлэг, гадуурхлын улмаас нь амиа хорлосон тохиолдлууд нэг биш удаа гарч байна.

Иймд цахим орчинд хүний эрхийг хангахын тулд Кибер гэмт хэргийн тухай ОУ-ын конвенцуудад нэгдэж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх, тухайлбал, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн чанартай үйлдэлд оноох хариуцлага, ялын бодлогыг чангатгах, гэм хорыг арилгах шаардлагатай байна.

Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дээрх асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэйгээ хамтран ажиллах болно.

2020.08.20, Төрийн ордон.