Gereg.mn: Гишүүн үг хэлэхдээ цаасан дээр бичсэн зүйлийг уншихыг олон улсад хориглодог

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлд:

Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09:00 цагаас эхэлж, 10:00 цагт хуралдаан эхлэх

Хуралдааны дэг зөрчсөн гишүүд хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарах зэрэг заалтууд тусгагджээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нарын гишүүд тус хуулийн төслийг цөөнх рүү чиглэсэн гэж шүүмжлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-ын гишүүн нь нэгдүгээрт, бусдыгаа хүндэтгэж, хоёрдугаарт, хууль ёсоо чандлан сахих үүрэгтэй. Үүргээ биелүүлэхгүй тохиолдолд ёс зүйн хариуцлага тооцох зохицуулалт өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Олон улсын парламентад ч байдаг. Эхлээд сануулдаг, дараа нь үг хэлэх эрхийг хасах, танхимыг орхин гарахыг шаардах зэрэг уян хатан, үе шаттай болгож зөөллөж байгаа. Бусад улсын жишээнээс харахад гишүүдийн ирцийн мэдээллийг хэвлэн нийтлэх, чуулганы болон байнгын хорооны хуралдаанд ирэхгүй бол албадан ирүүлэх, сануулах буюу донгодох, албан ёсоор уучлалт гуйлгах, гишүүүний бүрэн эрхийг түр түтгэлзүүлэх, гишүүнийг эргүүлэх татах, огцруулах хариуцлагыг хэрэглэдэг. Бид ийм хатуу заалтуудыг хэрэглэхгүй байгаа.

Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжилсон бол хуралдаан даргалагч гишүүнд сануулах буюу тухайн хуралдаанд үг хэлэх эрхийг нь хасна гэсэн зохицуулалт орсон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Дэгийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөөр парламентийн засаглалаа илүү бэхжүүлж, сонгодог парламент руу явах өөрчлөлтүүдийг хийсэн. Үүнийг дагаад чуулганы хэвийн үйл ажиллагааг хангах дэг, ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгах ёстой. Чуулганы хуралдааны дэг зөрчсөн гишүүдийг танхимаас гаргах, хариуцлага тооцох асуудал дэлхийн парламентийн нийтлэг жишиг. Зарим гишүүд маань хэт субъектив байдлаар хүлээн авч, цөөнхийн бүлэг рүү хандсан хязгаарлалт гэж ойлгож болохгүй. Франц, Герман, Баруун Европ, Япон гээд их олон улсад дэгийн асуудлыг нарийн зохицуулдаг.

Чуулганы хуралдааныг тасалсан, дэг зөрчсөн бол 30 хүртэлх хоногоор чуулган оролцох эрхийг нь хасах, тухайн тойргийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарладаг.

Мөн нилээд олон улсын парламентад гишүүн үг хэлэхдээ зөвхөн ярихыг зөвшөөрч, харин өмнө нь урьдчилан бичсэн зүйлийг уншихыг хориглодог. Парламентийн дэгийн тухай хуулийг энэ удаагаар зогсохгүй цаашид ёс зүйн хариуцлагыг чангатгах чиглэлээр ажиллах ёстой.

Эх сурвалж: Gereg.mn