УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсын 176 мянган иргэн гадаадын 70 гаруй улсад оршин сууж байна. Хилийн чанадад суугаа Монгол Улсын 44 ДТГ-т 300 орчим дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтан ажиллаж байгаагаас иргэдийн консулын асуудлыг ердөө 80 орчим ажилтан хариуцаж, иргэний бүртгэл, нотариат, виз, иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон, саатуулагдсан, ял эдэлж буй иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэх зэргийг анхаарч ажиллаж байна.

Нийт 30 ЭСЯ-ны 6 нь Консулын хэлтэстэй бөгөөд уг хэлтэс 2-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Гадаадад зорчих, суралцах, ажиллах, оршин суух монгол иргэдийн тоо жил бүр өсөж байгаатай холбогдуулан ДТГ-уудын ачаалал нэмэгдэж, консулын үйлчилгээ жилд дунджаар 20 гаруй хувиар тогтмол өсөж байна. Түүнчлэн, Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн тоо өсөж, тэдэнд Монгол Улсын визийг шуурхай, чирэгдэлгүй олгох ДТГ-ын хүрэлцээ, хүн хүч хангалтгүй байна.

Иймд Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төвийг байгуулах нь оновчтой шийдэл гэж үзэж хуулийн төсөлд тусгасан болно. Визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг татах зорилгоор аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж буй орнуудын туршлага, тэр дундаа Зүүн өмнөд Азийн орнуудын туршлагыг судлахад жуулчны визийг чөлөөлөх, хилийн боомт дээрээс виз олгох нөхцөлийг бүрдүүлэх, цахим визийг нэвтрүүлэх зэргээр гадаадын жуулчдын тоогоо огцом нэмэгдүүлэх бодлого барьсан байна. 

Тухайлбал Япон Улсад 68 улсын иргэд, БНСУ-д 112 улсын иргэд, тэр дундаа тус улсын аялал жуулчлалын чөлөөт бүс Жэжү аралруу 30 хоногийн хугацаанд тусгай жагсаалтад багтсан 24 улсаас бусад улсын иргэд визгүй аялдаг бол Тайланд улсруу энгийн пасспорт бүхий 69 улсын иргэд визгүй, 18 улсын иргэд хилийн боомт дээрээс виз авах боломжтой байна. Ази, Номхон далайн бүсийн Вьетнам, Камбож, Киргизстан, Казакстан, Узбекстан зэрэг улс орнууд цахим системээр дамжуулан электрон визийг ажлын 4 цагаас 3 хоногт багтаан олгодог байна. Эдгээр нь 100 хувь онлайн үйлчилгээ бөгөөд визээ улсын хил дээр шууд олгодог хэлбэрт шилжжээ.

Иймд дээрх улс орнуудын жишгийг харгалзан холбогдох шаардлага хангасан гадаадын зарим орны, жуулчлах зорилготой “зарим улсын харьяат иргэд” нь Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын /туроператор/ шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгож болох талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцоллоо.