Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай хуулийн төслүүдийг /2020.10.21/ хэлэлцлээ.
Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно. Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр “Музейн тухай хууль бол маш чухал юм. Учир нь музей бол Монголын соёлын өвийг хадгалах, төрийн хамгаалалтад авах, иргэд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх, үндэсний зан заншил, бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөөтэй үзвэр үйлчилгээний газар. Тиймээс энэ хуульд хэд хэдэн заалтыг нэмэх шаардлагатай байна. Одоо байгаа Зөрчлийн тухай хууль, Соёлын өвийн тухай хуульд музейд байгаа түүхийн хосгүй үнэт өвтэй харьцах, хамгаалах тухай заалт учир дутагдалтай. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж, гэмтээсэн тохиолдолд маш бага мөнгөн торгууль тавьсан байна. Монголд өнөөдрийн байдлаар 600 гаруй хосгүй үнэт өв байна. Эдгээрийг хамгаалж, хадгалж байгаа төрийн музейн хамгаалалтыг чангатгах, ажилчдын найдвартай байдлыг судлах асуудлуудыг Музейн тухай хуульд онцгойлон оруулах шаардлагатай байна. Мөн соёлын өвийг цуглуулах, музейн сан хөмрөгийг шинэчлэн баяжуулах ажилд мэргэжлийн байгууллагын тэр дундаа хуулийн байгууллагын экспертүүдийн хараат бус дүгнэлтнүүдийг оруулж байя. Энэ асуудлыг хуулинд тусгамаар байна. Эдгээрээс гадна хамгийн чухал асуудал бол музейн ажилчдыг бэлтгэх, найдвартай байдал, хамгаалалтыг чангатгах зэргийг анхаарч үзэх юм” гэдэг саналыг хэллээ.
Ингээд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба