УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг МҮОНТ-ийн "Нээлттэй хором" нийгмийн ток шоу: "Үндэсний боловсролын тогтолцоо өнөөдөр" сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, өнөөдрийн ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Оролцогчид нэвтрүүлгийн цагийн боломжоос хамааран зөвхөн тулгамдаж буй асуудлыг ярьж амжсан бөгөөд үндэсний боловсролын тогтолцоогоо хөгжүүлж олон улсад өрсөлдөхүйц болгох талаарх гарц, шийдлийг ярьж амжаагүй юм. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дараах үндэслэлүүдээр саналаа хэллээ.
- Монголын өнгөрсөн 30 жилийн боловсролын үйл явцыг харахад тэгш бус байдал бий болсон. Тодруулбал, орлогын ялгаатай байдал нь боломжийн хувьд тэгш бус байдлыг бий болгож байна. ЭЕШ-ын дүнгээс харахад 650 ба түүнээс дээш оноо авч буй сурагчдын эцэг эхийн орлого мөн дунджаас өндөр байна. Нэг сурагчид ногдох хувьсах зардал ялгаатай байна. Сургуулиудын анги дүүргэлт ихээхэн ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хамрагдаж чадахгүй байна. Мөн орлого багатай айл өрхийн хүүхдүүд сургуулиас завсардах явдал өндөр байна.
- Сүүлийн 20 гаруй жилд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрүүд удаа дараа шинэчлэгдсэн ч багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт түүнийг дагаж хангалттай явагдаагүй. Жил бүр нийт багшийн 13 хувь нь л сургалтад хамрагдаж бусад нь чадахгүй байна.
- Багшийн ажлын ачаалал их байгаа нь сургалтын чанарт нөлөөлж байна. Олон улсын жишгээс харахад багшийн танхимд заах цаг бага байх тусам сургалтын чанар сайн байдаг. Тэгвэл МУ-ын хувьд багшийн норм 7 хоногт 40 цаг, үүнээс дунджаар 19-25 цагийг хичээл заахад, 15 орчим цагийг хөтөлбөр сайжруулахад зарцуулж байна.
- Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээг төр иргэн бүртээ тэгш, хүртээмжтэй олгох ёстой. Тийм учраас Алсын хараа 2050, МУ-ыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бүх л баримт бичигт Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан.
- Багшийн ажлыг зөв үнэлэх, урамшуулах асуудлыг шинэчлэх нь чухал байна зэрэг саналыг хэлсэн юм.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.