УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Музейн тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы хуралдаанд танилцуулав.
Мөн тэрбээр хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэхдээ "Музейн тухай хууль бол маш чухал юм. Учир нь музей бол Монголын соёлын өвийг хадгалах, иргэд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх, үндэсний зан заншил, бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөөтэй үзвэр үйлчилгээний газар.
Олон улсын жишгээс харахад музей бол аялал жуулчлалын том бүсээс гадна сурагчдын танин мэдэхүй, соён гэгээрлийн том танхим болдог. Тиймээс музейг байнга нээлттэй байлгая.
Үүний зэрэгцээ энэ хуульд хэд хэдэн заалтыг нэмэх шаардлагатай байгаа юм. Одоо мөрдөж буй хуулиудад түүхийн хосгүй үнэт өвтэй харьцах, хамгаалах тухай заалт учир дутагдалтай. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж байдлыг алдагдуулж, гэмтээсэн тохиолдолд маш бага мөнгөн торгууль оногдуулах санкц бий.
Мөн музейн сан хөмрөгийг шинэчлэх, баяжуулах ажилд хараат бус хөндлөнгийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллуулах, музейн ажилчдыг бэлтгэх, найдвартай байдал, хамгаалалтыг чангатгах зэргийг энэ хуулийн төсөлд тусгах шаардлага байгаа юм" гэлээ.
УИХ-ын Ц.Мөнхцэцэгийн ажлын алба