УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2020.10.29/ Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Европын холбоо болон Монгол Улсын түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр бол Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Уул уурхай давамгайлсан, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс шууд хамаардаг манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх, тэр дундаа Монгол Улсын сүлжмэл бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох чиглэлийн 1993 оноос хойших хэлэлцээрүүд нэлээд үр дүнтэй байгаа. Тухайлбал, Монголын бүх бараа бүтээгдэхүүн Европын зах зээлд тарифын хөнгөлөлттэй гарч байна. Энэ тарифын хөнгөлөлттэй гарах хэлэлцээр эхлээд хоёр жилийн хугацаанд Европын зах зээлд гаргасан Монгол Улсын бүтээгдэхүүний экспорт 15 сая евро болж өссөн байна. Цаашид энийг өгсөх боломж Монголчууд бидэнд байна.
Үүний тулд өнөөдөр тарифын болон татварын хөнгөлөлтийн хэлэлцээрийг соёрхон батлахын зэрэгцээ Монголын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнд европын стандарт буюу олон улсад нийцсэн стандартыг тогтоох шаардлагатай” гэв.
Бичлэгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба