УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2020.10.29/ Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Тэтгэврийн шинэчлэлийн асуудал бол иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа УИХ-ын сонгуульд орохдоо МАН-ын өгсөн гол амлалтуудын нэг. Тиймээс бид тэтгэврийн реформ хийх ёстой. Ингэхдээ иргэдийн хүсэн хүлээлт болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангуудын эдийн засгийн тооцооллыг сайтар анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр тэтгэвэрт байгаа манай иргэдийн 90 гаруй хувь нь 500 мянган төгрөгөөс бага тэтгэвэртэй байна. Ажил хийж байгаад тэтгэвэртээ гарангуут шууд нийгмийн эмзэг орлоготой хүмүүсийн эгнээнд шилжих эрсдэлтэй нөхцөлд байна. Тийм учраас тэтгэврийн реформ хийх нь зөв.
Гэхдээ хувийн тэтгэврийн реформ уу өнөөдрийн байгаа эв хамтын системээ илүү сайжруулаад явах уу гэдгийг сайн бодолцох ёстой. Яагаад гэвэл энэ бол үзэл баримтлалын асар том шинэчлэл. МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай. Нийгмийн шударга ёс, нийгмийн тэгш байдлыг эрхэм болгодог намын хувьд нийгмийн даатгалын өгөөж хүн бүрд тэгш хүрч, шударгаар хуваарилагдах энэ зарчмыг баримтлах ёстой” хэмээгээд хууль санаачлагчаас болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүдээс хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр ирээдүйд учрах эерэг болон сөрөг үр дагаварын талаар тодрууллаа.
Бичлэгийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба