УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар /2020.11.06/ УИХ-ын гишүүдэд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогтын танилцуулгыг хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр болон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ үеэр шүүгч улс төрөөс хараат бус, шүүгч шүүгчдээ нөлөөлдөггүй болон бусад ашиг сонирхлоос ангид байх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын ардчиллын үзүүлэлтээс хойш татаж буй гол зүйл бол авлига, шүүхийн хараат байдал юм. Судалгаагаар иргэдийн дунд хамгийн итгэл доогуур байдаг институц бол шүүх засаглал байдаг. Тийм ч учраас МАН 2020 оны сонгуульд оролцохдоо шударга ёсыг нийгмийн бүх салбарт тогтоох, тэр дундаа шүүхийг улс төр болон бусад ашиг сонирхлоос ангид байлгах амлалтыг өгсөн. Үүнийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хууль, Шүүгчийн эрх зүйн байдал, хариуцлагын тухай хуулийг хэлэлцэж байна. Шүүх улс төрөөс хараат бус байхаас гадна шүүгч шүүгчээсээ хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой" гэдгийг тодотгосон юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Тухайн шүүгчид хуваарилж байгаа хэрэг дээр шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол нэн даруй түүнийгээ мэдэгдэх, хэрвээ мэдэхгүй бол хариуцлага хүлээх зэргээр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах ёстой. УИХ-аас хэлэлцэж байгаа Шүүхийн тухай багц хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?. Яаж хараат бус шүүгчийг томилох нөхцлийг бүрдүүлэх вэ" хэмээн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтоос асуулаа.
Нэр дэвшигч Ц.Цогт "Шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломж хэнд ч байх ёсгүй. Таны хөндөж ярьдаг Ерөнхий шүүгчтэй холбоотой асуудлыг 2013 онд баталсан Шүүхийн тухай хуулиар нэлээд хязгаарлаж өгсөн. Энэ нь ерөнхий шүүгч дангаараа мэдэж, хэрэг хуваарилдаг, бүрэлдэхүүн томилдог байдлыг хязгаарласан. Мөн цахим системийн тусламжтайгаар хэрэг маргааныг хуваарилах, бүрэлдэхүүнийг томилох, зөвхөн Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу томилогдсон бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгч батламжилдаг тогтолцоо руу орж байгаа. Гэхдээ хуулийн хэрэглээний явцад шүүгч, шүүгчээ чөлөөтэй байх үед хүний оролцоотой зохицуулалт хийх шаардлага үүсдэг. Үүний цаана хардлага гардаг. Тийм учраас улам боловсронгуй болгох шаардлага байгаа.
Ямар шийдэл байж болох вэ гэхээр таны хэлсэн шиг тухайн хэрэг хэн гэдэг шүүгч дээр хуваарилагдсан нь харагддаг, тэр хүн ямар нэгэн байдлаар өмнө нь тухайн хэргийг шийдсэн ч юм уу, ашиг сонирхлын зөрчилтэй, татгалзах шаардлагатай байгаа бол түүнийгээ хуульд заасан татгалзан гарах гэдэг зохицуулалтын дагуу хийдэг байх гэсэн зохицуулалт бий.
Нөлөөллийн асуудлыг хорихын тулд нөлөөллийн мэдүүлэг гэдэг анх удаа, бараг хаана ч байхгүй системийг бий болгосон.
Шүүгч хэрэг нээсний дараа бүх оролцогчдод нөлөөлж болохгүй, нөлөөлөх юм бол хуулийн ийм хариуцлага хүлээнэ гэдгийг танилцуулдаг. Хэргийн оролцогчид мэдэх, мэдэхгүй байдлаар шүүхэд нөлөөлөх оролдлогуудыг хаах зорилготой хуулийн зохицуулалт хийсэн. Одоо бид шүүгчид нөлөөллийнхөө мэдүүлгийг хэр үнэнчээр гаргаж байна гэдэг асуудлаар судалгаа хийж байна. Мөн Монгол Улсад шүүгчийг тэтгэвэрт гарах хүртэл нь томилдог хуулийн зохицуулалт бий" гэж хариулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба