Ц.Мөнхцэцэг: Эрэгтэй хүн бүр хүчирхийлэл үйлдэгч биш

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүд энгэртээ цагаан тууз зүүн жигдэрчээ. Энэ нь хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ амлаж буйн илэрхийлэл аж.

Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "People in Need" олон улсын байгууллагаас хүний эрхийн өдөрт зориулж, хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд уг аяныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар уриалан дэмжиж, УИХ-ын бусад гишүүдийн хамт ийнхүү цагаан тууз аянд нэгджээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Хүчирхийлэл үйлдэгчийн 87 хувь эрчүүд байдаг ч эрэгтэй хүн бүр хүчирхийлэл үйлдэгч биш юм. Гэхдээ сайн хүний дуугүй байдал өөрөө хор уршигтай. Хүчирхийлэл үйлддэггүй ч хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөөд байгаа эрэгтэйчүүдийг татан оролцуулбал хүчирхийлэлийг хумих боломж бий.  

Идэвхгүй, оролцоогүй, дуугүй эрэгтэйчүүд дуугарч эхлэх нь чухал юм. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь эрэгтэйчүүдийг татан оролцуулах явдал гэдэг нь олон улсын практикаас харагддаг.  

Тийм учраас монголчууд бид “Эр хүн уйлах ёсгүй, Эр хүн хүчтэй байх ёстой, Эр хүн тэжээгч байх ёстой, хамгаалагч байх ёстой” гэх мэт уламжлалт хандлагаар хөвгүүдээ өсгөж байгаагаа эргэн харцгаая. Мөн эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээ хангалттай байна уу, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалд анхаарч байна уу зэрэг асуудлыг эргэн харах ёстой болж байна” гэлээ.

Мөн тэрбээр жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг олон улсын хөдөлгөөн болох Цагаан туузтны аянд өнөөдөр Монгол улс нэгдэн учраас УИХ-ын гишүүд бид хүчирхийллийн эсрэг төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг хийх болно гэжээ.

Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд Хүний эрхийн дэд хорооны гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн даргаар ажилладаг билээ. Энэ хүрээнд "People in Need" олон улсын байгууллагатай хамтран хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхтэй дэмжин ажиллаж байгаа юм.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Яг одоо Хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба