Шүүхийн тухай хуулиар хэн юу хэлэв?

Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөл он дамжсаар өнөөдөр (2021.01.07) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь хийгдэнэ. Уг хуулийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг хоёр жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан.Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ.

Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 4 болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар заажээ. Мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар төсөлд нэмж зохицуулсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан. Бусад шүүгчийг одоогийн Шүүхийн тухай хуулиар мөн Ерөнхийлөгч томилж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн дотроос санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно. Бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөлөөс гурван жилийн хугацаагаар сонгоно. Нэг удаа улируулан сонгож болно. Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилж, чөлөөлнө. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 10-аас доошгүй жил, анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч тухайн шатны шүүхэд шүүгчээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавина.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч нь хуульд заасан болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягтална. Томилохоос татгалзсан шалтгаан тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгоно.

Шүүхийн тогтолцоог тойргийн зарчмаар байгуулж, УДШ-ээс бусад шүүхийг байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг УДШ Засгийн газартай тус тус зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн, УИХ шийдвэр гаргана гэж мөн төсөлд тусгасан. Улсын дээд шүүхийн шүүгч танхимын бүрэлдэхүүнийг батлах, хуульд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимыг шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглох гэсэн хоёр бүрэн эрхтэй байхаар төсөлд тусгасан юм.

Монгол Улсад нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байна. Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125.5 байсан бол 2019 онд 195.1 болж, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 1.6 дахин нэмэгдсэнийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөндсөн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан Шүүхийн тухай хуулийн төслийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хөндсөн онцлох байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Шүүгч бол шүүх эрх мэдэл гээд тусдаа Монгол Улсын хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг субъект. Шагнал гэдэг ёс суртахууны, материаллаг, статусын, хийж байгаа ажилд нь урамшуулж байгаа шагнал гэж бий. Шүүгчийн ажлыг хэн урамшуулах вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, Ерөнхий шүүгчийг сайн ажиллаж байна гэж дүгнэж урамшуулах асуудал тавигдаж байна. Бидний шүүгчийг урамшуулж байгаа гол зүйл нь тэтгэвэрт гарах хүртэл нь, тодорхой насанд хүрэх хүртэл нь, тодорхой зөрчил гарах хүртэл өндөр эрх ямба эдлүүлж, баталгаа өгч байгаа нь хамгийн том урамшуулал. Өөр нэг эрх бүхий этгээд одонгоор шагнана гэхээр хууль тогтоох эрх мэдлийн зүгээс, гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс, Ерөнхийлөгчийн зүгээс, Шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлж байгаа тэр этгээдэд цол, одон медаль өгч, ажлыг нь сайн, муу байна гэж цаад утгаараа үнэлж байгаа нь өөрөө асуудал юм. Нийгмээс энэ хамгийн сайн шүүгч гэж байгаа нь нийгмийн зүгээс өгч байгаа үнэлгээ дүгнэлт юм. Шүүгч гэдэг бол биднийг бүгдийг шүүдэг хүн. Шүүгч дээр бид хязгаарлалт тавих ёстой. Жам ёсны юмтай холбоотой зүйлийг өөрчилж болохгүй. Тэтгэвэрт гарах, олон хүүхэд төрүүлж байна энэ бол жам ёсоороо явж байгаа зүйлүүд. Үүнд ямар нэгэн урамшуулалын арга зам байх шаардлагагүй. Бусдаар бол шагнал гэдэг нь урамшуулна, сэдэлжүүлнэ, үнэлнэ, дүгнэнэ. Энэ нь хүний сэтгэл зүйд түлхэц үзүүлж, нөлөөлж, маш том хөшүүргэ. Захиргааны аргын гол хөшүүрэг бол урамшуулах, урамшуулах дотроо шагнах байдаг учраас ийм заалт орох нь зөв гэж үзэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Шүүхийн тухай хуулиар шүүгчийн сахилгын зөрчил болон шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэдгийг ялган зааж, шүүгчид хориглох үйлдэл, эс үйлдэхүйг жагсаагаад эдгээрээс зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэхээр зааж байгаа нь хараат бус, хариуцлагатай шүүхийг бий болгох тал дээр хийж буй том дэвшил юм. Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд болон ажлын дэд хэсгийн зарим гишүүдээс шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдох 52.1.23 дахь “Хуулийн илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 52.1.27 дахь “шүүхийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай үндэслэлийг огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” хэмээх заалтуудыг хасахаар санал гаргаж байгааг эсэргүүцэж байна. Учир нь шүүгчээс өдөр тутамд хэрэг, маргаан болгоны хувьд хийдэг, хэнд ч ойлгомжтой, тодорхой, мэргэжлийн ур чадвар, туршлага шаардахааргүй үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож шийтгэдэг бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлээгүйг хууль хэрэглээний алдаанд тооцдоггүй нь олон улсын жишиг. 52.1.23, 52.1.27 дахь заалтууд улс орнуудын шүүхийн практикт байдаг сахилгын зөрчлийн жишиг шүү дээ.

-Хэрэг хянан шийдвэрлэх тухай, эсхүл бусад хуулийн заавал биелүүлэх шинжтэй, илэрхий, тодорхой заалтыг шууд санаатай, эсхүл хэт болгоомжгүйгээр зөрчих (АНУ-ын мужууд, ХБНГУ, Молдав зэрэг);

-Хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад шүүхийн шийдвэрт шаардагдах үндэслэлийг огт бичээгүй нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон (Испани, Бельги, АНУ-ын мужууд);

Жишээлбэл, шүүгчийн сахилгын тодорхой зөрчлийн дэлгэрэнгүй жагсаалт гаргахыг Венецийн комисс болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE/ODIHR) зөвлөж ирсэн. Ер нь шүүгчийн сахилгын зөрчлийг олон улсын жишигт нийцүүлэн дээрх шиг тодорхой, дэлгэрэнгүй хуульчлаагүй нь Монгол Улсад шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцооны үр нөлөөгүй байдлын хамгийн том шалтгааны нэг мөн. Ийнхүү тодорхой, дэлгэрэнгүй хуульчлах нь нэг талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн үзэмжээрээ, субъектив хандах байдлыг хязгаарлах, нөгөө талаар юу хориглогдож, ямар үүрэг хүлээж буйг шүүгчид урьдчилан мэдэх, сахин биелүүлэх, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ялангуяа шүүгчийн ажил хэргийн мэдлэг, чадварын наад захын түвшин илт хангалтгүйг харуулсан сахилгын зөрчлийг илүү олон тооны тодорхой, нарийвчилсан хориглолтоор баяжуулан хуульчилбал маргаантай гэсэн шалтгаанаар хариуцлагаас зайлсхийхээс сэргийлэхийн зэрэгцээ шүүгчид урьдчилан харж үйл ажиллагаа зохицуулах боломж олгож шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, улмаар шүүхэд итгэх итгэлийг хамгаална.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР:

-Улсын дээд шүүх гэдэг бол шүүх. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг. Энэ агуулгаар нь харах ёстой. Одоо гарч байгаа хэрэг маргааны гурван хувь нь Дээд шүүхэд ханддаг. Энэ гурван хувийн хандаж байгаа иргэдийн эрх бас зөрчигдөх вий. Тийм учраас энэ асуудлыг ярилцъя. Үүнд гурван чиглэл байгаа. Хууль хэрэглээний зөрүүг арилгах чиглэл, хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол, Дээд шүүхийн албаны ёсны тайлбараас өөрөөр хуулиудад хариулж эхэлсэн бол, Улсын Дээд шүүх бол хуулийн нэгдмэл байдлын хэрэглээг хандах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянадаг гарцыг тодорхой хэмжээнд хийж өгөхгүй бол хүний эрх хамгаалах байдал зөрчигдөх магадлалтай юм. Шүүгчдийг 24-өөс доошгүй гэснийг дээшгүй болгож өөрчилсөн байна. Хуулийн 25-р зүйл дээр Улсын Дээд шүүх, шүүн таслах ажиллагааг төрлөөр, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хэрэв иргэн захиргааны хэргийг дагнасан танхимтай байна. Хэрвээ танхимтай байвал ерөнхий шүүгчтэйгээ 25 байхгүй бол угаасаа танхимын зарчим байхгүй болно. Гэхдээ үүнд нэг болгоомжлол байна. Хуучин 2002 онд Дээд шүүх 15 гишүүнтэй байснаас 11 болж хасагдсан. Ийм учраас үүнийг өөрчлөхгүйгээр Засгийн газрын өргөн барьсан төслийг нь дэмжээд явах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Тэгж байж танхимын зарчим буюу шүүхэд бий болсон дэвшилтэд зүйл, эрүүгийн хэргийн дагнасан шүүхүүд ажиллах боломжоо хадгалж хамгаалах ёстой. Тоо нь бас чухал, өөрөө тодорхой үр дагавартай зүйл юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Практикаас хараад байхад иргэн, аж ахуйн нэгж, аргаа ядсан хүмүүс л Дээд шүүхийн шийдвэрийг хүлээдэг шүү дээ. Одоо ингээд давж заалдах шатны шүүхээр таслаад зогсоочихоор иргэнийхээ эрхийг зөрчих юм биш үү. Үндсэн хуульд Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж заасан. Тиймээс энэ заалт Цэц дээр очоод унана. Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхдээ бус хүндээ байгаа асуудлыг Дээд шүүхдээ байгаа мэтээр тайлбарлаж болохгүй шүү дээ. Хуулийг хэн дуртай нь өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Ялангуяа манай 76 тайлбарладаг болсон. Дээд шүүх олон жил мэргэшсэн, 20, 30 жил ажилласан хүмүүс тайлбар гаргадаг байсан. Үүнийг л буцаагаад сэргээх хэрэгтэй. Тэгж байж хуулийн хэрэглээ чинь зөв болно. Түүнээс биш Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажлыг таслан зогсоож болохгүй. Давж заалдах шатны шүүгчийг шударга шүүнэ гэж хэн хэлчихээд байгаа юм. Хүмүүсийн эцсийн горьдлого Дээд шүүх.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Б.ЭНХБАЯР:

-Монгол Улсын дээд шүүх гэдэг бүлэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн цөм хэсэг. Энэ удаагийн хамгийн гол өөрчлөлт, шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс энд яваа. Яагаад гэвэл цаашид Монгол Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг шийдвэрлэдэг байх уу үгүй юу, шүүхийн системд дарга хэв шинжтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал энэ бүлгээр шийдэгдэнэ. УДШ амьгүй албат болох гээд байгаа юм шиг үг үсэг байна гэж байгаа бол одоо байгаа дээд шүүхийн шүүгчдийн нөлөөлөлтэй шууд холбоотой. Яагаад бүх хэрэг маргааныг шийдвэрлэх гээд байгаа юм бэ. Гурван статистик хэлье. Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шийдвэрийн дөрөвний нэг нь Монгол Улсын дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Иргэний хэрэг 2-3 мянгаараа УДШ-ийн долоон шүүгч дээр овоорчихсон байна. "Даахгүй нохой булуу хураана" гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна. Бусад улс орны шүүгч нар шиг байж болохгүй юу. Манай улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын дээд шүүх есөн шүүгчтэй болоод л байна. УДШ-ийн шүүгч нар бүх хэрэг маргааныг хяналгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой. Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу ордоггүй. Энэ нь өөрөө шүүхийн хамгийн том реформ болно. Ингэснээр шүүх биш болчихоод байгаа давж заалдах шатны шүүхүүд амилна. Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо больсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон. Үүний дүнд банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр явж байгаа дундаж хугацаа 4.6 жил болсон. Энэ хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм. Шүүх нь хүнд сурталтай, цаг авдаг. Тийм учраас Монголд арбитр хөгжих ёстой гэж яриад байгаа юм. Томоохон гэрээ хэлцлүүдэд маргаанаа гаднын арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:

-Шүүхийн багц хуулиар сонсгол явуулах хүсэлтийг АН-ын бүлгээс гаргасан. Энэ талаар хэлэлцэх шаардлагатай Ардчилсан намын бүлгээс Шүүхийн тухай хуулийн төслөөр нийтийн сонсгол явуулах тухай хүсэлтээ УИХ-ын дарга болон Хууль зүйн байнгын хорооны даргад оны өмнөхөн явуулсан. Учир нь ажлын хэсэг тус хуулийн төсөл дээр ажиллах явцдаа маш олон өөрчлөлт оруулсан. Оруулсан өөрчлөлтийн талаар иргэд мэргэжлийн байгууллагаас санал аваагүй, хэвлэл мэдээллээр мэдээлээгүй учраас нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өөрөөр энэ хуулийн төслийг гацаах өөр санаа байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Тиймээс сонсгол явуулах талаар хэлэлцэж өгнө үү гэдэг санал гаргаж байна. Энэ хуулийн төсөлд хэрэг маргааны ихэнхийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийддэг байхаар зохицуулах гэж байна. Дээд шүүхийг шүдгүй арслан болгох бодлогыг ямар учраас гаргаж байгаа юм бэ. Авлига, албан тушаалын зэрэг ноцтой үр дагавартай хэргийг УДШ-д хянаж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар, УИХ авч хэлэлцэх ёстой. Гэтэл сүүлийн үед шүүх Засгийн газрын хамтын шийдвэрийг шүүдэг болчихоод байгаа юм. Засгийн газрын хэн нэгэн хамаарал бүхий этгээддээ давуу тал олгосон зүйлийг энд оруулахгүй байгаа. Харин улс төрийн шийдвэр, бодлогын шийдвэр. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө өгсөн асуудлыг хуулийн байгууллага шалгаж болохгүй. Аль эсвэл цахилгаан тэглэх шийдвэр гарчихсан байсан чинь дараа нь Н.Тавинбэх гэдэг хүнийг сугалж аваад шүүгээд байвал яах юм бэ. Ийм практик шүүхийн практикт байдаг. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн хүмүүсийг барьж аваад хориод байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Ажлын хэсэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хэвээр нь үлдээе гэсэн. Шүүх өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газраас саналыг авахаас биш, Засгийн газар УИХ-д санал гаргаж өргөн мэдүүлэх зохимжгүй юм. Засгийн газрын анх өргөн барьсан хувилбарыг нь дэмжинэ. Засгийн газрын саналыг Ерөнхий зөвлөл аваад УИХ-даа өргөн бариад УИХ нь шийдэх нь зөв юм. Шүүх байгуулах асуудлыг хүртэл Засгийн газар өргөн бариад байх зохимжгүй. Би энэ 15.3 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна. Шалгалт авахдаа хууль эрх зүй, мэдлэг чадвар, зан төлвийн шалгалт авч байгаа. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 50 оноотой, зан төлвийн шалгалт 30 оноотой байгаа. Хоёуланг нь 50, 50 оноотой болгох хэрэгтэй. Шүүгч хүний ёс зүй чухал. Ааш, араншин чухал.

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Хуулийн заалтын 33.3.6 шүүгч өөрийн хүсэлтээр ахисан түвшинд мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор хоёр жил хүртэлх хугацаагаар гадаад улсад суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэх болсон тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална гэсэн заалт орж ирж байна. Өнөөдөр шүүгч нарын ачаалал хүрэлцэхгүй байна. Энэ хүний оронд ажлын орон тоонд нь өөр хүн сонгон шалгаруулалт хийгээд шүүгчээр авч болдоггүй. Хэдэн шүүгч нар нь хамаг ачаалалдаа дарагдаад суугаад байдаг. Эргээд ажлын байрны ачааллыг тааруулах боломж хязгаарлагддаг. Нөгөө хүмүүс нь гадаадад явах, эсвэл эрдэм шинжилгээний ажил хийнэ гээд ажлын ачаалал тэнцвэржихгүй байдал үүснэ. Нөгөө талаар хариуцлагаас бултахын тулд яг ийм үндэслэлээр суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийнэ гээд ажлын байраа хадгалуулаад яваад өгдөг.

Ш.Адьшаа

www.news.mn