Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон хотын удирдлагууд өнөөдөр нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй “Нийслэл Улаанбаатар хот дахь Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалтыг хийлээ.
Энэ хүрээнд Монголын хүн амын хамгийн том төвлөрөл болсон Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургалтын чанарын асуудлыг авч хэлэлцсэн юм.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар яамны удирдлагуудаас тодрууллаа. Мөн тэрбээр Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн асуудлыг хөндөж, "Ажилчин залуучуудын ээлжийн сургууль гэж Монголд ганц бий. Гэвч энэ сургуулийн асуудлыг яам ерөөсөө авч хэлэлцэхгүй байна. Энэ сургууль бол боловсролын хоцрогдолтыг нөхдөг цор ганц сургууль. Энд бичиг үсэг сураагүй, сургууль завсардсан иргэд сурдаг. Гэтэл 40 жилийн түүхтэй энэ сургууль маань өөрийн гэсэн байргүй. Хүнд нөхцөлд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа талаараа удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсэн. Бусад сургуулийн бүтээн байгуулалтын адил газар чөлөөлөлт, хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байгаа ч энэ асуудлыг анхааралдаа авах шаардлагатай байна" гэдгийг санууллаа.
Яамны удирдлагуудын зүгээс он дамжин гацаад байгаа сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт төсвийн санхүүжилт болон газар чөлөөлөлтөөс үүдэн зогсонги байдалтай байгаа гэдгийг онцолж байв. Түүнчлэн жил бүр барилга барьж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар нийслэлд 28 бүлэг 60 хүүхэдтэй хичээллэж байна гэсэн юм. Үүнийг шийдэхийн тулд дүүргүүдэд 2-4 айлын газар чөлөөлөлж, 160 суудалтай "Хүрээ" бага сургууль, 50 ортой "Өргөө" цэцэрлэгийг барьж байгуулах саналыг тавьж байв.
Тодруулбал, "Хүрээ" бага сургуулийг барьж байгуулахад 4 айлын газар чөлөөлөх шаардлагатай ба 1.4 тэрбум гаруй төгрөг шаардлагатай бол "Өргөө" цэцэрлэгийг 2 айлын газар чөлөөлж, 585 сая төгрөгөөр барих боломжтой гэх тооцоог БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр танилцууллаа.
УИХ-ын гишүүдийн хувьд нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад боловсролын чанар хүртээмж, тэгш боломжийг бий болгох чиглэлээр БШУЯ-тай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба