Зөвлөлдөх ардчилал, онлайн парламент, сонгуулийн шинэчлэлийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

АНУ-ын Стэнфордын их  сургууль, МУИС-ийн хамтран зохион байгуулсан  "Ази болон Монгол улс дахь ардчиллын сорилт: Зөвлөлдөх ардчилал, онлайн парламент, сонгуулийн шинэчлэлээр дамжуулан инноваци хийх нь” сэдэвт олон улсын хурал хоёр өдөр үргэлжилж өнөөдөр /2021.01.29/  өндөрлөв. Уг хуралд  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцлоо.

-ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАСНААР БУСАД ҮНДЭСТЭНД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛНО-

УИХ-ын дарга Г.Занданшатар хурлын эхний өдрийн хуралдааныг нээж үг хэлэхдээ “ Монгол Улс 2019 оны 11-р сарын 14-ний өдөр Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын механизмыг ашигласан нь орчин үеийн улс орнуудын дунд анхны тохиолдлын нэг болох юм. Бидний үзэж байгаагаар Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвлөлдөх санал асуулгыг үр дүнтэй хэрэгсэл болгон ашигласнаар бусад үндэстэнд үлгэр жишээ болно" гэдгийг тэмдэглэв. Мөн цар тахлын үед Монгол Улс парламентынхаа журамд нэмэлт, өөрчлөлтийг түргэн шуурхай оруулсан анхны улсуудын нэг бөгөөд парламентад бүрэн цахим ба хагас цахим хэлбэрээр ажиллах боломжийг олгосон. Эдгээр нь гурван талаар чухал ач холбогдолтой байв.

  • Нэгдүгээрт, сонгогчдыг төлөөлдгийн хувьд УИХ-ын гишүүд хязгаарлалт тогтоосон хугацаанд ч ард түмэндээ үйлчлэх,
  • Хоёрдугаарт, хэрэгцээ шаардлагатай бол аливаа хуулийн төслийг парламент хурдан хугацаанд хэлэлцээд хууль тогтоох  бүх эрх мэдлээ гүйцэтгэх засаглалд шилжүүлэхгүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх,
  • Гуравдугаарт, хүний эрх, ардчиллын үнэт зүйлийг ноцтой, системтэй зөрчсөн тохиолдолд парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадвартай гэдгийг харуулсан” гэв.

-УЛС ТӨРИЙН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЖ ЧАДВАЛ МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БЭХЖИНЭ-

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хоёр дахь өдрийн хуралдааныг нээж үг хэлэхдээ улс төрийн намын шинэчлэлийн асуудлыг онцлов. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өрнөж буй авторитари хандлага, популизмын сэргэлт дэлхий дахины ардчиллын үйл явц болон улс төрийн намуудад ихээхэн сорилт учруулж буй нөхцөлд 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж чадсан Монгол дахь ардчилсан дэглэмийн бэхжилтэд урт хугацааны эерэг үр дүн авчирч байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлагдах хуулиудын нэг нь Улс төрийн намын тухай хууль юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтыг боловсронгуй болгох чухал алхмуудыг хийсэн билээ. Энэхүү үзэл баримтлалын дагуу Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн санхүүжилтын тухай хуулиудыг шинэчлэн баталж улс төрийн намын шинэчлэлийг хийж чадвал Монголын ардчиллын бэхжилтэд томоохон хувь нэмэр оруулах болно” гэдгийг дурдлаа.

Тус хуралд АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд, Жеймс Фишкен, Канадын Бритиш Колумбын их сургуулийн профессор Жулиан Дикерс нарын ардчиллын үйл явц, зөвлөлдөх ардчиллын нэртэй эрдэмтэд болон  Их Британи, ХБНГУ, Япон, БНСУ, Монголын эрдэмтэн судлаачид оролцож ардчилал, улс төрийн нам, сонгуулийн үйл явцын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.