Манай улсын ХНХЯ, Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА-тай хамтран "COVID-19"-ийн цар тахлын үед зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэстэй хамтран тойргийн амьжиргааны түвшин доогуур буюу хүнсний талоноос хоцорсон, хүнс болон бусад хэрэгцээт бараа бүтээгдэхүүний дэмжлэг шаардлагатай, босго онооноос доогуур орлоготой өрхүүдээс судалгаа авч, эхний ээлжинд тусламж дэмжлэг нэн шаардлагатай 250 өрхөд хүнсний багцын тусламжид хамрууллаа.
Ялангуяа цар тахлын нөхцөлд такси үйлчилгээ үзүүлж байсан, гутал засвар ажиллуулж байсан зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад орлого нь зогссон иргэдийг түлхүү хамруулав.
"Монгол Улсад хэдийгээр цар тахлын хөл хорио тогтоод байгаа ч хүнсний дэмжлэг хэрэгтэй байгаа зорилтот бүлгийн өрхүүдэд цагаан сарын өмнө хүнсээр туслах хөтөлбөрийг эхлүүлсэндээ баяртай байна" гэж ТИКА-гийн суурин төлөөлөгч, ноён У.Эмрах хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Сар шинийн баярыг тохиолдуулан дахин хатуу хөл хорио тогтоох болсон энэ үед миний бие Сүхбаатар дүүргийн Халамжийн хэлтэстэйгээ хамтран ажиллаж, дүүргийнхээ 250 өрхөд тусламжийн багцыг хүргэлээ. Хатуу хөл хорио тогтоосноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн орлого тасалдаж, амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, мөн хаяг, бүртгэлийн зөрчлийн улмаас хүнсний талон зэрэг нийгмийн халамжийн тусламжид хамрагдаж чадалгүй үлдсэн өрхүүд тун хүндхэн байгаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Хүнд бэрх цагийг эв эетэй, тэсвэр тэвчээртэй, байгаа боломжоо бусдадаа хуваалцах сэтгэлийн тэнхээтэй байж даван туулна. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэв.
Зорилтот бүлэгт хүрэх багцыг өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдээс эхлэн олгосон юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба