Ц.Мөнхцэцэг: Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт халиа дошин үүсч, улмаар айл өрхийн хашаа, гудамж, талбай шар үсний үерт автаад байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүдийн хамт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Айл өрхүүдийн хашааны усыг зөөж, зайлуулахаас гадна жалгын мөстсөн талбайд суваг татаж, мөс ачиж зайлуулах ажлуудыг хийж байгаа ч цаг агаарын нөхцөл байдал, техник хэрэгслийн хүрэлцээнээс болж удаашралтай байгаа аж. Тиймээс гишүүд холбогдох газруудад авч буй арга хэмжээг хурдавчлах чиглэл өглөө. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ер нь үерийн далан болон гуу жалга дагаж буусан айл өрхүүд ингэж хавар, зуны цагт шар усны болон борооны үерт автсаар байгаа юм. Тиймээс үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сайжруулах, эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг өөр газар руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн үерийн хамгаалалт болон хөрсний ус зайлуулах гамшиг ослын үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцолсон юм. 

Бэлх, Сэлхийн амны усны ундарга энэ жил урьд жилүүдийнхээс илүү ихэссэний улмаас оршин суугчид явган болон автомашинтай зорчиход хүндрэл үүсчээ. Түүнчлэн зарим газар айлуудын хашаа бүхэлдээ усанд автахын зэрэгцээ нүхэн жорлонгийн бохир үерийн устай нийлэн урсаж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учрах хүндхэн нөхцөл үүсээд байгааг хэлж байна. 

Иймд нийслэл, дүүргийн холбогдох байгууллагууд эхний ээлжинд сувгийг чөлөөлөх арга хэмжээ авч, үерийн усны урсацыг сайжруулан, Бэлхийн 45-49 дүгээр гудамж, Гүнжийн 44 дүгээр гудамжны үерт автсан 100 гаруй өрхөд үүсээд байгаа хүндрэлийг арилгаж, цаашид шат дараатай арга хэмжээ авахаар боллоо. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба