"Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал" сэдэвт цахим хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Жендэрийн үндэсний хорооноос зохион байгулсан тус хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал ямар байна, эрх зүйн орчин, улс төрийн намуудын санаачлага, сонгогчдын хандлага, төсөөллийг дүгнэсэн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.
Хэлэлцүүлэгт УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг, ЖҮХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич нар оролцлоо.
Түүнчлэн УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, 21 аймаг, төрийн бус байгууллага, судлаачдын төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн цахимаар оролцсон байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглож, улс төр, төрийн албаны бүх түвшинд жендэрийн тэнцвэрт байдлыг хангах үүрэг ногдуулсан ч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
Иймд, Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "KОЙКА" олон улсын байгууллагын санхүүжилтээр "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийг эхлүүллээ.
Энэхүү төслийг ЖҮХ болон холбогдох байгууллагуудтай хамтран дөрвөн жилийн турш хэрэгжүүлэх юм байна.
Төслийн хүрээнд цаашид жил бүр тухайн жилийн ахиц дэвшил, алдаа оноогоо үнэлж дүгнэн алсын хараагаа тодорхойлох ажээ.
Эх сурвалж: PEAK.MN