Ц.МӨНХЦЭЦЭГ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН 80 ХУВИЙГ ЗӨВХӨН БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛСАН БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед боловсролын тэгш бус байдлын талаар та нэлээд хөндөх боллоо. Боловсролын тогтолцооны гажуудал хаанаас эхлэлтэй гэж харж байна?

-Манай Улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилд Монгол улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарт ихээхэн өөрчлөлт гарсан. Тэр дундаа томоохон өөрчлөлт гарсан салбар бол боловсрол. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсрол бизнес болон хувирч, чанартай боловсрол олж авах боломж тухайн суралцагчийн эцэг эхийн орлогоос хамаарахаас гадна тухайн суралцагч төв суурин газар амьдарч байна уу, хөдөө орон нутаг байна уу гэдгээс хамаараад ялгаатай байдаг болсон. Өөрөөр хэлбэл, боловсролыг ашиг олох байдлаар хөгжүүлсэн хандлагаас болж тэгш бус байдал газар авлаа. Энэ бол маш буруу хандлага. Өнөөдөр МУБИС, МУИС зэрэг төрийн өмчийн гол сургуулиудын төгсөгч, чадварлаг багш нар төрийн өмчийн сургуульд хэдхэн жил ажиллаад, хувийн сургуулиуд руу шилжин ажиллаж байна. Учир нь хувийн сургуулиуд багш нартаа өндөр цалин, орон сууц амлаж байгаа учраас чадварлаг багш нарыг татан авч байна.

Энэ үзэгдэл Монголын бүх нийтийн боловсролд хор хохиролтой үзэгдэл. Тухайлбал, МУБИС сүүлийн 10 гаруй жил ЭЕШ-ын оноо өндөртэй суралцагчдыг 100 хувийн тэтгэлгээр сургаж, сайн боловсон бэлтгэхийг зорьсон. Харамсалтай нь тухайн боловсон хүчин нь их сургуулиа төгсөөд төрийн өмчийн сургуулиудад цөөн жил ажиллаад хувийн сургууль руу шилжиж байна.

Төрийн өмчийн сургуулийн багш нарын цалин хангамж дутагдалтай, хүн ам ихээр суурьшсан тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод нэг ангид ногдох сурагчийн тоо олон. Үүнийгээ дагаад багшид ирэх ачаалал өндөр байдаг. Боловсролын салбар дахь төрийн бодлого хангалтгүй явж байгаагийн жишээ ашгийн төлөө үйлчилгээ явуулдаг боловсролын байгууллагууд олширч, боловсрол ашиг хонжоо олох хэрэгсэл болчихоод байгаагаас тод харагдаж байна.

-Нийгмийн дундаж хэсгийн орлогоос давсан өндөр төлбөртэй хувийн өмчийн сургуулиуд олноор бий болсон энэ нөхцөлд чанартай боловсрол олж авах тэгш боломж хүүхэд болгонд олдохгүй байна. Энэ байдлыг засахгүй бол нийгэм дэх тэгш бус байдлыг улам гүнзгийрнэ шүү дээ?

-Тийм л дээ. Энэ тал дээр боловсролын салбарын мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанаас харахад 2015-2019 онд ЭЕШ-ын дүнгээр 650- иас дээш оноо авч байгаа төгсөгчдийн эцэг эхийн орлого нь улсын дундаж орлогоос өндөр байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн орлого нэмэгдэхийн хэрээр тухайн хүүхдийн ЭЕШ-ын онооны хоорондын шууд хамаарал ажиглагдаж байгаа. Үүнээс харахад хүүхдийн сурлагын амжилт, өрхийн орлоготой шууд холбоотой. Нийгмийн дундаж болон дунджаас доогуур түвшний орлоготой эцэг эхтэй хүүхдүүд цаашдаа улам бүр чанаргүй боловсрол авах бодит боломжийг бий болсныг энэ тоо баримтууд бол харуулж байна. Боловсролын тэгш үйлчилгээг төр хүүхэд бүртээ өгч чадахгүй байна.

-Боловсролын тэгш бус байдлыг ярихад хамгийн чухал, хөндөх ёстой асуудал бол хувьсах зардал юм шиг санагдаж байна л даа. Хувийн сургуулиудад хувьсах зардал олгох нь зөв үү?

-Хувьсал зардал гэдэг төрөөс бүх нийтийн боловсролыг дэмжиж сургалтын байгууллагад олгож байгаа санхүүжилт. Гэтэл хувьсах зардал асар ялгаатай байна. Хувьсах зардлын ялгааг бид 2022 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед анхааран судалж байгаа. Монголын өнөөдрийн боловсролын салбарын санхүүжилт тэгш бус байдалтай байгаагийн тод жишээ нь нэг хүүхдэд зарцуулж байгаа урсгал зардлын хэмжээ ялгаатай байгаагаас тодорхой харагдаж байна.

Тухайлбал, Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулийн нэг хүүхдэд зарцуулж байгаа зардал нь 2.7 сая төгрөг. Гэтэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуульд суралцаж байгаа нэг хүүхдэд ногдож байгаа төсөв 500 мянган төгрөг байна. Тухайлбал, Кембрижийн хөтөлбөртэй Шинэ эрин сургуулийнхаас даруй 4-5 дахин бага байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд 600 мянга буюу гурав дахин бага байна. Тухайн сургалтын байгууллагад ногдож байгаа барилга, дэд бүтэц, компьютерийн тоног төхөөрөмж нь ч мөн адилхан тэгш бус байна. Шинэ эрин сургуулийн нэг ангийн дүүргэлт дунджаар 25 хүүхэдтэй байхад, СБД-ийн нэгдүгээр сургууль 51, Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд 35 хүүхэд, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуульд 17 хүүхэд байна. Нэг компьютерт хэдэн хүүхэд ногдож байгаа үзүүлэлтийг харахаар Шинэ эрин сургуульд 13, Нэгдүгээр сургуульд 38, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуульд 51 хүүхдийн дунд нэг компьютер байна.

Өөрөөр хэлбэл, алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдэд тоног төхөөрөмжийн хүрэлцээ тааруу байгаа нь харагдаж байна. Мөн нэг багшид оногдох хүүхдийн тооны тухайд Шинэ Эрин сургуульд 21 хүүхэд, Нэгдүгээр сургуульд 34 хүүхэд, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд найман хүүхэд ногдож байна. Учир нь нийслэл хоттой ойролцоо аймгуудын шилжилт хөдөлгөөнөөс хамаараад байр ашиглалтын коэффициент маш доогуур хүүхдийн тоо цөөн байгаа. Энэ хэрээр тэнд нөөцийн үр ашигтай зарцуулалт хангалтгүй байгаа. Өндөр зардлаар цөөн хүүхдийг сургаж байна. Энэ нь нөгөө талаас Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам нь алслагдсантай холбоотой хэдий ч цаашид боловсролын санхүүжилтийг тэгш, шударга зарчмаар хуваарилах ёстой. Төрөөс олгодог хувьсал зардал, багшийн тоо ялгаатай, тухайн сурагчид ногдох тоног төхөөрөмж, барилга, дэд бүтцийн ялгаатай байдал нь сургалтын чанар буюу элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Шинэ эрин сургуулийн ЭЕШ-ын дундаж оноо 613, Нэгдүгээр сургууль 572 байхад хөдөө орон нутгийн сургуулийн дундаж оноо 400 гаруй байгаа нь хөдөө орон нутгийн суралцагч чанартай боловсрол авч чадахгүй байгаагийн илрэл.

-Үдсэн хуульд, иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэсэн заалт бий. Тиймээс хувийн сургуулийн төлбөр болон зохицуулалт дээр төрийн оролцоо байх шаардлагатай байх. Бид өнгөрсөн хугацаанд бодлогын ямар алдаа гаргасан гэж та бодож байна?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай боловсролын салбар дахь төрийн оролцооны гол алдсан зүйл бол хувийн хэвшлийн сургуулиуддаа тавих, шаардлага нөхцөл бол болзлоо дутуу тавьсан. Дор хаяж сургалтын төлбөрийг дундаж орлогоос давсан байж болохгүй гэдэг ч юмуу, төлбөрийн одоо дээд хэмжээг тогтоож өгөх ёстой байсан. Үүнийг хийж чадаагүй. Мөн хувийн сургуулийн санхүүжилт дээр эцэг эх болон бусад хөндлөнгийн байгууллагын оролцоог хангаж, хяналт тавих ёстой байсан. Мөн л чадаагүй. Үүний үр дүнд ихэнх хувийн сургуулиуд санхүүжилтээ ерөөсөө ил тод зарлаж, тайлагнадаггүй. Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр төлбөрийг жил болгон нэмдэг. Тэр ч бүү хэл төлбөр дээр нь нэмээд хоол үйлчилгээ, дугуйлан секц, автобус унааны төлбөрийг нэмж авдаг. Угтаа энэ бүх зардал тухайн сургалтын төлбөртөө орчихсон байх ёстой. Гэтэл хувийн сургуулиуд төрөөс суралцаж байгаа хүүхийнхээ тоогоор хувьсах зардал нэмж авдаг. Энэ бүхнээс харахад зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

-Олон улсад боловсрол бүх нийтийнх, хүн бүхэнд хүртээмжтэй байх тал дээр ямар бодлого баримталдаг вэ?

-Дэлхийн улс орнуудад боловсролын байгууллага ашгийн бус байна гэдэг хандлага маш хүчтэй түрэн орж байна. Тухайлбал, Европын холбоо, Европын хүний эрхийн шүүх зэрэг гол институтууд төр бүх нийтийн боловсролын төлөө үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн зарчим баримталж байгаа. НҮБ-ын сурч боловсрох эрхийн тусгай илтгэгч Кишор Сингх өөрийн тайландаа улс орнуудыг ашгийн төлөө боловсролыг бодлогоор хориглох хуульчлахыг уриалсан байдаг. Боловсрол ашгийн төлөө байж болохгүй. Бүх нийтийн сайн сайхны төлөө байдаг учраас ашгийн бус сургалтын байгууллагыг л дэмжих ёстой гэдгийг уриалсан.

Мөн Европын хүний эрхийн шүүх “Төрөөс боловсролыг өөрөө хариуцан олгох, сургуулийн тогтолцоог байгуулж хөгжүүлэх үүргийг хүлээсэн байдаг бөгөөд энэ үүргээ хувийн оролцогчдод үүрүүлэн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдөх ёсгүй” гэж шийдсэн байдаг. Тухайлбал, ачаагаа хувийн хэвшилд үүрүүлээд орхиж болохгүй гэсэн үг. Хувийн сургуулиуд руу чиглэсэн төрийн баримтлах бодлого бол хүний эрхийн зарчмуудыг мөрдүүлэх, тэнд суралцаж буй сурагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд нээлттэй, хариуцлагатай байхыг шаардах явдал юм.

Сүүлийн үед хувийн хэвшлийн боловсролын байгууллагатай олон улс орон, хувийн хэвшил дахь төрийн оролцоогоо нэлээд өөрчилж байна. Тухайлбал, Япон, Сингапур зэрэг улс орнууд хувийн боловсролын талаар баримтлах хуулиа илүү нарийвчилсан зохицуулалттай болгож өөрчилж байгаа. Ер нь олон улсын чиг хандлага боловсрол бүх нийтийн сайн сайхны төлөө зүйл буюу “pub­lic good” гэж үзэж учраас, нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой болохоос хувь хүний төлөө, корпорациудын эрх ашигт үйлчлэх ёсгүй гэсэн үзэл баримтлал бүхий улс орны тоо нэмэгдэж байна. НҮБ, Юнеско зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс боловсролын салбар дахь хувьчлал төдийлөн үр дүнтэй биш гэдэг зөвлөмжүүдийг өгч байна. Харин үүний оронд боловсрол бүх нийтийн эрх ашгийн төлөө институт учраас төрийн зүгээс боловсролд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг илүү оновчтой болгох чиглэлээр зөлөмжүүд өгдөг. Монгол Улсын төсөвт зөвлөмж өгч байгаа Дэлхийн банк болон бусад олон улсын экспертүүд мөн адил боловсролын салбарын санхүүжилтийг илүү оновчтой болгох, дахин хуваарилах ёстой гэдгийг зөвлөдөг. Учир нь өнгөрсөн, 30 жилийн хугацаанд Монгол Улсын боловсролын салбарын санхүүжилтийн 80 орчим хувийг зөвхөн барилга байшин, дэд бүтцэд зарцуулсан байна. Гэтэл хамгийн чухал асуудал болох боловсон хүчин болох багшийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, эсвэл тоног төхөөрөмж буюу багш, сурагчдыг компьютер, техникийн хэрэгслээр хангах ажил дээр маш бага төсөв тавигдаж ирсэн юм. Үүнийг бид өөрчлөх шаардлагатай байна.

-Цаашдаа төр хувийн хэвшлийн боловсролын байгууллагууд нийтийн боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх тал дээр хэрхэн хамтарч ажиллах ёстой гэж бодож байна?

-Бид нэгэнт Үндсэн хуулиндаа иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно хэмээн заачихсан учраас энэ заалтаа хэрэгжүүлэх ёстой. Тиймээс хувийн сургуулиудад тавих шаардлага, төрийн зохицуулалтуудыг чангатгах ёстой. Тухайлбал, хувийн сургуулиудын төлбөрийн дээд хэмжээг тогтоох хэрэгтэй. Хэрэв тухайн сургалтын байгууллага ашгийн төлөө гэдгээ ил тод зарлаж байгаа тохиолдолд ашгийн төлөө ажиллаж байгаа компанийн эрх зүйн тодорхой зохицуулалтуудыг хэрэглээд, татвараа төлөөд явах ёстой. Гэтэл өнөөдөр зарим хувийн сургуулиуд, ТББ-ын нэрээр буюу ашгийн бус хуулийн этгээд гэдэг нэрээрээ үйл ажиллагаа явуулж, татвар төлөхгүй байгаа. Тиймээс ашгийн болон ашгийн бус сургалтын байгууллагын талаарх баримтлах төрийн бодлогыг тодорхой болгох ёстой. Ашгийн бусаар үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудыг төрөөс дэмжинэ. Хэрвээ тухайн сургууль ашгийн төлөө гэдгээ ил тод зарласан, төлбөр өндөр байгаа тохиолдолд хувьсах зардал олгох ёсгүй. Харин үүний оронд тухайн хувьсах зардлыг анги дүүргэлт ихтэй, эсвэл сургалтын тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа сургуулиуддаа зарцуулах нь зөв. Энэ бол тэгш хүртээмж, шударга ёсны зарчим. Хувийн сургуулийн талаар баримтлах төрийн бодлого маш тодорхой бөгөөд тэнд сурч байгаа хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой юм. Хувийн сургуулиудад хатуу хязгаарлалт тогтооно гэхээсээ илүү хүүхдийг ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй, нийгмийн шударга ёсонд халгүй, тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхгүй байх үүргийг хувийн хэвшлийн оролцогчдодоо үүрүүлэх ёстой.

-Үнэндээ нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөлд өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуульд хүүхдээ сургах боломжтой нийгмийн хэсэг цөөхөн байгаа шүү дээ?

-Өнгөрсөн 30 жилд Монголын нийгэмд баялгийн тэгш бус хуваарилалт бий болж, нөөц баялаг нийгмийн цөөнх хэсэгт төвлөрсөн. Энэ үзэгдлийг дагаад тухайн цөөнхийн гарт боловсрол, улс төрийн болоод бусад эрх төвлөрөх байдал бий боллоо. Үүнийг бид нар энгийн хэллэгээр олигархууд буюу цөөнх гэж нэрлээд байгаа. Энэ байдлыг одоо хязгаарлах ёстой. Баялгийн тэгш бус хуваарилалтыг одоо тэгш болгож өөрчлөх, үүний тулд дундаж давхаргаа дэмжих, нийгмийн баялаг түлхүү хуваарилагдсан тэр хэсэгт татварын болон бусад механизмаар дахин хуваарилалт хийх нь оновчтой юм. Өндөр орлогод өндөр, бага орлогод бага татвар ногдуулах буюу прогрессив татварын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд баялгийн тэгш бус байдал багасдаг нь Япон болон Скандинавын орнуудын жишээнээс харагддаг. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бас энэ тал дээр байр сууриа илэрхийлж, бүлгийн дотор мэтгэлцээн өрнөж байна.

-Ирэх оны төсөвт боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 4.9 хувийг зарцуулахаар тусгасан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс ирэх жилээс PISA хэмээх олон улсын 15 настай хүүхдүүдийн ерөнхий боловсролын түвшин тогтоох шалгалтад хамрагдана. Энэ шалгалт Монгол Улсын боловсролыг дэлхийн хаана явааг тодорхойлно. Бид ямар ямар хичээлүүд дээр алдаа гаргаад байна гэдгээ мэдэх боломжтой болно. Уг шалгалтын олон улсын дүнгээс үзэхээр шалгалтад хамгийн өндөр оноо авч байгаа Скандинавын орнууд болон Япон, БНСУ зэрэг орнуудын туршлагаас харахад боловсрол дахь, санхүүжилт харьцангуй өндөр байгаа юм. Гэтэл Монгол Улсын төсөв бага. Тэр хэмжээгээр боловсролд зарцуулах мөнгө бага байна Тийм учраас бид цаашид уул уурхайн баялгаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын нэлээд хэсгийг боловсролын салбарт шилжүүлэх шаардлагатай байна. Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх. Боловсролтой болсноор тухайн иргэн нийгмийн гарал байдал, эцэг эхийн орлогоос үл хамаараад нийгэмд нэр төртэй иргэн болох, нийгмийн харилцаанд амжилттай явах боломжтой болдог. Тийм учраас анхнаас нь боловсролыг хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай олгоход төр анхаарах ёстой. Ингэж байж бид ядуурлыг, хүний эрхийн зөрчлийг, нийгмийн тэгш ба бус байдлыг даван туулна. Цаашид Монголын төр Олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудад хүлээсэн үүргүүдээ сайн биелүүлэх, нийгмийн бүлгүүдийн боловсрол эзэмших боломжийн ялгаатай байдлыг багасгах, бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгох тал дээр илүү анхаарч, боловсролыг арилжаа, бизнесийн зорилгоор ашиглахгүй зорих ёстой.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН, СЭТГҮҮЛЧ П.БАТЗАЯА