-Улс төрийн нам УИХ-д нэг суудал авбал төрөөс 10 сая төгрөгийн дэмжлэг авдаг-
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэх томоохон хуулийн нэг нь Улс төрийн намын тухай хууль. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Олон жил ярьсан ч гар хүрээгүй байсан хуульд ямар шинэ заалтуудыг тусгаж байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал гурван парламент дамнан хэлэлцэгдэж байна. Энэ хугацаанд улс төрийн намын экспертүүд, судлаачид, олон улсын байгууллагууд дээрх хуулийн төсөл дээр ажиллаж, зөвлөмж өгч ирсэн. Ингээд үндсэндээ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 19.1, 19.2, 19.3 дугаар зүйл заалтын дагуу Улс төрийн намын шинэчлэлүүдийн гол үндэслэлийг гаргаж өгсөн байгаа.
Тиймээс Үндсэн хуулийн дагуу улс төрийн намууд дотоод ардчилалтай, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын санхүүжилт ил тод, ард түмэнд нээлттэй байх зарчмыг баримталж байна. Би УИХ дээр Улс төрийн намын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Намын шинэчлэл нь монголын ардчилсан улс төрийн тогтолцооны томоохон хэсэг. Мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын олон талын байр суурийг харгалзан үзэх том хууль. Үндсэн хуульд зааснаар монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барина гэж заасан байдаг. Харин ажлын хэсэг дээр өнгөрсөн арваад жилийн хугацаанд ажиллаж, ярьсан санал дүгнэлт, улс төрийн намуудаас ирсэн санал, Европын аюулгүй ажиллагаа, хамтын ажиллагааны байгууллагаас ирсэн зөвлөмжүүдийг харгалзан үзэж хуулийн шинэчлэлийг хийж байна.
-Та улс төр судлалаар ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр манай улс төрийн намуудад ямар шинэчлэл хийх шаардлагатай байгаа вэ гэдэг дээр илүү мэдээлэлтэй байгаа байх. Тэгэхээр шинэ хуульд ямар онцлог заалтууд орж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Улс төрийн намын тухай хуулийн гол үзэл баримтлал нь үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулдаг бодлогын нам байна гэдэгт оршиж байгаа. Улс төрийн нам нь сонгуульт ажил болон цаг зуурын шинжтэй өрсөлдөөнд биш улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг байх ёстой. Үүний тулд намуудын бодлого боловсруулах үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр нь бодлогын судалгаанд үндэслэнэ. Намууд иргэдээс санал, дүгнэлтийг нь авч, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлж, бодлогын үйл ажиллагаа явуулах ёстой. Тиймээс шинэ хуулийн хамгийн эхний зорилт нь намуудыг бодлогын үйл ажиллагаа явуулдаг болгох. Хоёрдугаарт намууд нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх. 2005 оны Улс төрийн намын тухай хуульд намуудад ямар нэг үүрэг, хариуцлага оногдуулах талаар тусгаагүй байна.
Улс төрийн намууд нь ард түмний улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэгч, төр ард түмний хооронд холбоо харилцаа үүсгэх, улс төрийн боловсрол, оролцоог дэмжих, эмэгтэйчүүд, залуус, хөгжлийг бэрхшээлтэй иргэдийг дэмжих, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх зэрэг үүргийг хүлээх болно. Дэлхий дахин улс төрийн намын тогтолцооны хоёр үндсэн хэв маяг байгаа. Нэгдүгээрт, Европын буюу парламентын тогтолцоотой улс орны намын хэв маяг, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн засаглалтай намын тогтолцоо буюу АНУ, Латин Америкийн улсуудын хэв маяг байна. Монгол Улс бол парламентын засаглалтай. Тиймээс манайд парламентын тогтолцоотой намын хэв маяг буюу Германы улс төрийн тогтолцоо илүү тохиромжтой юм.
УИХ-Д СУУДАЛ АВААГҮЙ Ч СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР СОНГОГЧДЫН ГУРАВ ХҮРТЭЛХ ХУВИЙН САНАЛ АВСАН БОЛ ТӨСВӨӨС ДЭМЖЛЭГ АВДАГ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАСАН
-Парламентын засаглалтай манайх шиг улсад олон намын системтэй байх нь зүйтэй гэж судлаачид тайлбарладаг. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр нам л Засгийн эрхийг барьж байна. Шинэ хуулийн төсөлд намуудын оролцоог хангах талаар ямар зүйл заалтууд орж байна вэ?
-Аливаа улс төрийн намд гарааны олон өрсөлдөөний тэгш боломжуудыг олгох ёстой байдаг. Намуудын үйл ажиллагааг хэт боосон хязгаарласан байдал нь ардчиллын суурь зарчимд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс намуудын өрсөлдөөнийг тэгш, санхүүжилтийг нээлттэй ил тод байлгах үүднээс хэд хэдэн заалт оруулсан.
Тухайлбал, өнөөдрийн хэрэгжиж байгаа хуульд зөвхөн Их хуралд суудалтай намуудад хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэг олгодог. Шинэ хуулийн төсөлд УИХ-д суудал аваагүй ч сонгуулийн үр дүнгээр сонгогчдын гурав хүртэлх хувийн санал авсан тохиолдолд төсвөөс дэмжлэг авдаг байх зохицуулалтыг тусгасан. Энд ямар дэмжлэг байх вэ гэхээр тухайн саналд үндэслэн мөнгөн болон шууд бус дэмжлэг байна. Мөн уулзалт, хэлэлцүүлгийн заал танхимаар хангах, хэвлэл мэдээллийн цаг гаргах зэргээр дэмжинэ. Улс төрийн намууд нийгмийн тодорхой бүлгүүд буюу шийдвэр гаргах түвшинд цөөхүүлээ байгаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлсэн бол тэднийг сургасан бэлтгэх үйл ажиллагаанд нь нэмэлт санхүүжилт олгоно. Намууд мөн бодлогын судалгааны байгууллагатай байх талаар хуульчилж байгаа. Энэ байгууллага нь судалгаа эхлүүлж, гишүүд дэмжигч болон иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Тухайн нам УИХ-д гурав болон түүнээс дээш хувийн суудал авсан тохиолдолд төрөөс дэмжлэг авах боломжтой.
ШИНЭ ХУУЛИАР НАМУУДЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА
-Энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа улс төрийн намуудаас санал авсан гэдгийг та дурдсан. Намуудаас гарсан нийтлэг санал нь юу байна вэ?
-Өмнөх буюу 2012, 2016 оны парламентын үед энэ хуулийн төслийг боловсруулах үед Их хуралд суудалтай, суудалгүй намууд, судлаачид байр сууриа илэрхийлж байсан. Энэ удаад ч мөн Ерөнхийлөгчийг хуулийн төслөө өргөн барьсны дараа улс төрийн намууд, иргэний нийгэмлэгийн байгууллагууд, эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг хийж байна.
Иргэний нийгмийн байгууллагуудаас ирсэн гол санал нь намын санхүүжилтийг нээлттэй ил тод болгох, санхүүжилтийг тайлагнах, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн. Хуульд орж байгаа гол өөрчлөлтийн нэг нь намын санхүүжилт гэдгийг би дээр дурдсан. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар улс төрийн намууд гишүүдийн татвар хандив, төрөөс олгож байгаа дэмжлэг, бусад орлогоор санхүүждэг. Гэвч санхүүжилтийн тайлангаа нээлттэй ил тод болгодоггүй. Гэтэл намууд үүргээ биелүүлээгүйн төлөөх хариуцлагын тогтолцоо өнөөдөр маш сул байна. Шинэ хуулиар үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байгаа.
-Тодруулбал?
-Намын орлого зарлага ил тод байна гэдгийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан байдаг. Намын бүх хөрөнгө, гишүүдийн татвар, хувь хүн, аж ахуйн хандив, төрөөс олгож байгаа санхүүжилтийг нам жилд хоёр удаа тайлагнана. Жишээлбэл, улс төрийн нам УИХ-д нэг суудал авбал төрөөс 10 сая төгрөгийн дэмжлэг авдаг. Манай нам гэхэд Их хуралд 62 суудалтай тэгэхээр 620 сая төгрөг төрөөс авдаг гэсэн үг. Үүнийг яаж зарцуулдаг вэ гэдэг зарцуулалтаа тайлагнах ёстой. Одоогийн хуульд намын санхүүжилт, зарцуулалт, тайланг нарийн тодорхой зааж өгөөгүй.
Тиймээс энэ хуулийн шинэчлэлээр бүх тайланг ил тод болгоно. Төрөөс олгож байгаа санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 20 доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийн улс төрийн оролцоог хангахад зарцуулна. Мөн намд олгож байгаа төрийн санхүүжилтийн 15 хүртэлх хувийг намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагад олгоно. Үүнийгээ намууд нэг бүрчлэн танилцуулна. Хэрэв тухайн нам санхүүгийн тайландаа алдаа гаргавал алдаа засах хуулийн хугацаа олгоно. Тайлангаа үнэн зөв гаргаагүй, хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол төрөөс олгох санхүүжилтийг зогсоох, алдаагаа дахин давтвал улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
НАМЫН СУЛ ГИШҮҮНЧЛЭЛ РҮҮ ШИЛЖИХ ЭХНИЙ АЛХМУУД ХИЙЖ БАЙНА
-Сүүлийн үед намын бүртгэлийн асуудалтай холбоотой маргаан гарах болсон. Хамгийн тод жишээ нь Ардчилсан нам байгаа шүү дээ. Хуулийн шинэчлэлээр намын бүртгэлийн асуудлаар ямар заалт оруулсан бэ?
-Ардчилсан намын хувьд бүртгэлийн маргаантай асуудал үүссэн. Намын тамга тэмдэг давхардаж олгосон асуудал бий. Үүнтэй холбоотой хаврын чуулганаар МАН, АН-аас Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би байгаа. Ажлын хэсэг тайлангаа Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргасан байгаа. Эндээс гаргасан нэг зөвлөмж бол намын бүртгэлтэй холбоотой асуудал байсан. Энэ дагуу намын бүртгэх үйл ажиллагааг олон улсын чиг хандлагаар сонгуулийн төв байгууллага бүртгэх ажлыг хариуцна.
Нам бүртгэх, намын нэр өөрчлөх, намууд нэгдэх зэрэг үйл ажиллагааг тодорхой болгох асуудалд Улсын бүртгэлийн байгууллагын оролцоог хассан. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Сонгуулийн төв байгууллага болон Улсын дээд шүүхэд харьяалагдана гэсэн үг. Намын нэр, дүрэм өөрчлөх тохиолдолд тухай бүрт нь Сонгуулийн төв хороо баталгаажуулж, хууль зүйн баримт бичгээр үүнийгээ мэдэгдэж байна гэж хуульчилж байгаа.
-Улс төрийн намын тухай хуульд гишүүнчлэлийн асуудлыг ярихгүй өнгөрөөж болохгүй. Манайх улс төрийн хатуу гишүүнчлэлтэй гэгддэг. Энэ талаар ямар зүйл заалт тусгаж байгаа вэ?
-Намын гишүүнчлэлийн тухайд харьцангуй сул гишүүнчлэл рүү шилжих эхний алхмууд хийж байна. Тухайлбал, намын гишүүдийг гишүүн ба дэмжигч гэсэн хоёр ангилалд хуваана. Намын гишүүн гэдэг тухайн намын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр нэгдсэн, гишүүний татвар төлдөг, саналын болон сонгох сонгогдох эрх бүхий иргэнийг хэлнэ гэж шинээр томьёолсон. Монголын улс төрийн намууд гишүүдийн татвараа сайн төлүүлж чадвал бизнесийн болон улс төрийн нөлөөнөөс ангид байх боломжтой. Харин намын үзэл баримтлалыг дэмдэг, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдсэн, татвар төлөлгүй оролцдог бол намын дэмжигч гэж үзнэ. Олон улсад иргэн хүн хэд хэдэн намын дэмжигч байж болно гэж үздэг. Үүнийг ч манайх хэрэгжүүлж эхэлнэ.
Эх сурвалж: ERGELT.MN