УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улс олон улсын түвшинд шударга ёс, авлигын индексээр доогуур жагсаж байгаа. Авлига, шударга бус байдал аль шатанд давамгайлж байна вэ?
-АТГ иргэний нийгмийн болон бусад байгууллагатай хамтран соён гэгээрүүлэх ажил хийж байна. Мөн үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь сайн. Гэхдээ хөдөө орон нутагт анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй байна. Дээд түвшний авлигын асуудлыг шалгаж гэм бурууг тогтоож, хохирлыг арилгаад цаашид илүү анхаармаар байна. Иргэдийн дунд авлига, албан тушаалын гэмт хэрэг маш сүржин эхлээд замхардаг гэсэн ойлголт бий. Олон жил яригдсан гэмт хэргүүд шийдэгдэхгүй байна. Ялангуяа дээд албан тушаалтны оролцсон авлигын хэрэг дээр түүнд дүйцсэн ял болон нөхөн төлбөр маш бага тавигддаг. Тиймээс төрийн болон улс төрийн албанд МАН-аас сонгогдсон болон томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудаасаа эхлээд намын гишүүддээ хариуцлага тооцож ажиллахыг ард иргэд шаардаж байна. Эрх баригчид өөрсдийгөө хуулиас гадуур өнгөрөөж, намын гишүүн гэдгээр хаацайлан үлдээж болохгүй. Тийм учраас дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлэх, намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй байхаар нэмэлт, өөрчлөлт оруулсан.
-МАН-ын хөтөлбөр дэх хүний эрхийн талаарх бодлогоос өнөөдөр УИХ-ын түвшинд ямар заалтыг тусган хэрэгжүүлсэн бол?
-МАН-ын 30 дахь Их хурлаас Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогоо зарлаж дөрвөн заалт бүхий тогтоол баталсан. Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон, улс төрийн болон төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын харилцаа хандлагад өөрчлөлт оруулж, хүний эрхийг дээдэлсэн соёлыг нэвтрүүлнэ. Хоёрдугаарт, нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хууль дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчилнө. Гуравдугаарт, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу МАН нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг даруй эхлүүлнэ. Дөрөвдүгээрт, хүний эрхийн мэдрэмжтэй, бусдын эрхийг хүндэтгэдэг, иргэдийг төлөвшүүлэх, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг эхлүүлэх, багш нарыг чадавхжуулах, оюутан залуусын үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлээр боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг намын дэргэдэх ТББ-уудад үүрэг болгохоор болсон. УИХ-аас хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. УИХ-ын хаврын чуулганаар Азид анхных болох Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийг баталж, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд том дэвшил гаргасан. Энэ хуулийн төсөл бүхэлдээ хүний эрхийг хамгаалах эрхийг баталгаажуулж өгч байгаа юм. Хүний эрхийн төлөө амь нас, аюул заналыг үл тоон олон жил тэмцэж ирсэн хүмүүсээ Монголын төр хамгаалж, эрх нь зөрчигдсөн тохиолдолд нөхөн олговор олгохоор боллоо.
МАН-ын 30 дахь Их хурлаас баталсан Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогын хэрэгжүүлэх тогтоолын дагуу нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хууль дахь хүний эрхийн хувьд зөрчилтэй, цаг хугацааны хувьд хоцрогдсон гэх заалтыг даруй өөрчлөх ажлыг УИХ хийх болно. Тухайлбал, амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, эрүүдэн шүүхээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо барагдуулах, хувийн мэдээлэл халдашгүй байх, эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх зэрэг иргэний болон улс төрийн эрхийг бодитой, баталгаатай эдлүүлэх тухайд эрх зүйн зарим зохицуулалтыг шинэчилнэ. Үүний зэрэгцээ иргэдийн олонх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгийн чухлаар тавьж байгаа нь судалгаанаас харагдсан тул энэ тухайд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нь зөв.
-Иргэдийн мэдэх, хэлэх эрхийг хангах үүднээс тайван замын жагсаал цуглааныг хийлгэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?
-Тайван замаар жагсаал цуглаан хийх эрх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан. Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан байдаг. Цар тахлын үед жагсаал цуглааныг хязгаарлах, үндэслэл зарчмуудыг олон улсын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон. Гэхдээ цар тахлын үеийн нөхцөлд тодорхой иргэдийн жагсаал цуглаан хийх эрх үндэслэлгүйгээр зөрчигдсөн асуудал гарсан.
Тайван замаар жагсаж буй иргэдийн эрхэнд хууль хүчний байгууллагуудаас тодорхой үндэслэлгүйгээр халдах явдал гарч байгаа тухайд би Хууль зүйн байнгын хорооны хурал дээр байр сууриа илэрхийлсээр байсан. 2021 он гарснаар хавар, зуны турш олон удаагийн давтамжтай жагсаал, цуглаан болсон. Энэ болгонд иргэдийн улс төрийн эрх чөлөө буюу жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх, нөгөө талаас цар тахлын үеийн нөхцөл байдлын зэрэглэлээс хамаараад тодорхой хэмжээний хязгаарлалт хийх гэсэн хоёр асуудлыг тэнцвэрийг хангах ёстой юм. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хороо Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх тогтоол гаргахдаа иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрхийг хууль хүчний байгууллагууд зөрчөөд байгааг оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн Монгол Улс хүний эрхийн ихэнх гэрээ конвенцуудад нэгдсэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын улс төр, ардчиллын бүх стандартыг дагаж мөрддөг улсын хувьд иргэдийн тайван замаар жагсаал хийх, аяндаа үүссэн төлөвлөгдөөгүй цуглаан хийх эрхүүдийг нь илүү нээлттэй болгож, хязгаарлалтуудыг олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Ийм жагсаал цуглаанд оролцсон иргэдэд шийтгэл оногдуулах буюу захиргааны хариуцлага хүлээлгэх явдлыг хязгаарлах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд ямар нэгэн шийтгэл оногдуулахаас татгалзах ёстой. Гагцхүү хүний эрхийн тэмцэл үйл ажиллагаа маань хуульд нийцсэний дагуу явж байна уу гэдэг дээр мэргэжлийн хүний эрхийн байгууллага дүгнэлт хийнэ.
-Хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгаа нь судалгааны дүнгээр гарчээ. Ямар зөрчил давамгайлж байна вэ. Юуны түрүүнд ямар өөрчлөлт хийх вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 797 хуулийн 318 нь хүний эрхтэй хамааралтай үйлчилдэг гэдгийг судалгаа харуулсан. Тодруулбал, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа, хүний эрхтэй хамааралтай зүйл заалттай энэ 318 хуулийн 11.900 орчим зүйл заалтад судлаачид шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд эдгээр зүйл заалтын 800 орчим нь хүний эрхийн зөрчилтэй байна. МАН эдгээр хүний эрхийн зөрчилтэй хуулийн заалт бүрийг хүний эрхэд нийцүүлэн өөрчлөхийн төлөө ажиллана.Тухайлбал, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах, үүний тулд хохирлыг үнэлэх зарчмыг шинэчлэх шаардлагатай. Сэтгэл санааны хохирлыг дорвитой үнэлж чадахгүй байна. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд ял эдлээд явчихвал л бүх зүйл дууссан гэж ойлгоод байдаг. Гэтэл хохирогч хэр удаан хугацаанд бие махбодын болон сэтгэл санааны хохиролтой явахыг төдийлөн авч үздэггүй. Тиймээс энэ зүйл заалтуудыг шинэчлэх ёстой. Мөн Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын нэмэлт протоколд элсэн орсны дагуу Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах ёстой. Тэр механизм нь хэд хэдэн төрлөөс бүрдэх ёстой гол хэсэг нь эрүү шүүлтийн эсрэг урьдчилан сэргийлэх, эсвэл эрүү шүүлтийн эсрэг үр дүнтэй мөрдөн байцаах ажиллагаа явуулах, буруу хэрэг хийсэн этгээдэд шийтгэл ногдуулах тусгай байгууллага бий болгох ёстой.
-Өнөөдөр ХЭҮК-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Цагдаа хүчний байгууллагуудын зүгээс тайван замаар жагсаж буй иргэдийн эрхийг зөрчих явдал гарч буй энэ цаг үед Хүний эрх хамгаалагчийн хууль болон ХЭҮК-ын үүрэг асар чухал болоод байна. Хүний эрхийг хамгаална, түүнд хяналт тавина гэдэг бол их нарийн бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа. ХЭҮК нэг талаас хүний эрх, эрх чөлөө нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусад хүний эрх, эрх чөлөө зэрэг хуулиар хамгаалагдсан бусад эрх ашгийн зохистой тэнцвэрийг тогтоодог. Жагсаал цуглаан зэрэг хүний эрх зөрчигдөж болзошгүй гэнэтийн үйл явдалд ХЭҮК байнгын хяналт тавьдаг. ХЭҮК мэргэжлийн байх ёстой. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг гомдолд холбогдогч талуудын тэгш оролцоо, олон эх сурвалжийн баримтууд, хуулийг үндэслэн дүгнэх ёстой. Энэ ажилд цаг шаардлагатай, хүн хүч шаардлагатай. Тайван жагсаж цуглах эрх чөлөөг боломжит дээд төвшинд хамгаалахдаа нийтийн дэг журмыг хуулийн хүрээнд сахиулах орон зай, боломжийг бас хамгаалах нь ХЭҮК-ын үүрэг. Цаг үеийн нөхцөл байдал ийм эгзэгтэй байгаа үед ХЭҮК-ыг чадавхжуулах, хүний эрхийн зөрчилт нөхцөл байдалд биечлэн, газар дээр нь очиж ажиллах хүний нөөц болон санхүүгийн боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой.
-Улс төрийн намын хуульд оруулах өөрчлөлтөөр санхүүжилтийг ил болгох, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар тусгахаар яригдаж байгаа. Хуульд оруулах өөрчлөлт ирэх жилүүдэд тусгалаа хэр өгнө гэж харж байна вэ?
-Монгол Улсын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинд тулгамдаж буй сорилтуудыг ерөнхийд нь авч үзэхэд, хуулийн хийдэл их, түүнчлэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Эрх зүйн шинэчлэл олон асуудлыг хөндөх нь гарцаагүй ч нэн түрүүнд улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагнах ажлыг сайжруулах, мэдээллийг олон нийтэд ил болгоход анхаарал хандуулах шаардлагатай байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Улс төрийн нам нь онол, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлогоороо өрсөлддөг, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, ардчилсан болж төлөвших юм бол энэ нь төр тогтвортой, авлигаас ангид байхын суурь болдог. Энэ хуульд улс төрийн намуудад төсвөөс олгож буй санхүүжилтийн тодорхой хувийг эмэгтэй болон залуу гишүүд, нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулах нөхцөл заах, УИХ-д суудалгүй ч сонгуульд тодорхой амжилт гаргасан намуудад төсвөөс санхүүжилт олгодог болно. Мөн сонгуулийн зардлын тайлан гаргах үйл явцыг тодорхой болгох, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн улс төрийн санхүүжилтийг нарийн хянах, тайлагнах нөхцөлийг хангах, хяналт тавих эрх үүргийг нэг байгууллагад голлон төвлөрүүлэх, намын санхүүжилттэй холбоотой хариуцлагын механизмыг сайжруулах, одоо хүлээлгэж байгаа торгуулийн шийтгэлийн хэмжээг нэмэхийн сацуу зөрчихөөс эмээх сэдэл төрүүлэхүйц шинэ хариуцлагын хэлбэр (төрийн санхүүжилтийг зогсоох гэх мэт)-ийг хуульд зааж тусгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын Үнэн сонин