УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна.
Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна.
Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ тус зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна.