Монголын дугуйн спортын анхны мэргэжлийн баг /UCI continental/ “Ferei-Mongolia Development team” ОУ-н дугуйн холбоонд энэ жилээс албан ёсоор бүртгэгдэж, улирлын хамгийн эхний тэмцээнээ өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсаас эхлүүлж байна.
Өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан тус багт Монголын шилдэг 16 тамирчин уралдахаар гэрээ хийсэн бөгөөд энэ удаа ОУХМ, налуу замын дугуйн дэлхийн аварга Б.Тэгшбаяр, ОУХМ Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын зургаан тамирчин, хоёр дасгалжуулагч, нийт найман хүнтэй баг бүрдүүлэн “Шаржахын олон өдрийн уралдаан” /Tour of Sharjah/-д оролцоно.
“Шаржахын олон өдрийн уралдаан” нь 2013 оноос эхлэн зохион байгуулагдсан, Олон улсын дугуйн холбооны 2.2 ангилалд багтдаг нэр хүндтэй тэмцээн юм.Манай баг тэмцээндээ оролцсоныхоо дараа /I.28-II.1/ шууд Турк улсад очиж бэлтгэл хийх бөгөөд II.5, II.19, II.20, III.5, III.6, III.20-ны өдрүүдэд UCI-ийн 2.1 ангилалд багтдаг “VeloAlanya” нэг өдрийн цуврал тэмцээнүүдэд уралдана.
Олон улсын сонирхогчдын болон мэргэжлийн дугуйн холбоод 1995 онд нэгдсэнээс хойш үндэсний холбоо, тамирчдад чансаа тогтоодог болж, шилдэг 50 улсын 200 дугуйчид л олимпын эрх олгох хатуу шалгууртай болсон. Ингэснээр Монгол Улс олимпын эрх авахын тулд өөрсдөө мэргэжлийн баг байгуулах юм уу, шилдэг тамирчдаа гаднын мэргэжлийн багт уралдуулан чансааны оноо цуглуулах зайлшгүй шаардлага үүссэн юм.
Монголын дугуйн холбоо өнгөрсөн жилүүдэд дээрх шаардлагыг хангахын тулд олон улсын тавцанд өрсөлдөх шилдэг тамирчин бэлтгэхийг гол зорилгоо болгож ажилласан бөгөөд эдүгээ Малайз, Япон зэрэг улсын мэргэжлийн багт монгол тамирчин уралддаг болоод буй. Харин энэ жилээс мэргэжлийн баг байгуулах хоёр дахь зорилгоо биелүүлээд байгаа бөгөөд одоо өндөр амжилт гаргаж, их оноо цуглуулах, олимпын эрхээ авах л үлдээд байна.
Эх сурвалж: IVOICE.MN