УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлээс сонгогдсон гишүүд оролцсон бөгөөд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ "Нийслэлийн иргэдэд ая тухтай амрах орчин, ногоон байгууламж дутмаг байгааг шүүмжилж байна. Хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6,7 м2, ХУД-т 6,6 м2, БГД-т 5,8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5,1 м2 байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Иймд их хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хийх ёстой эн тэргүүний ажлуудын нэг болоод байна.
Саяхан Сүхбаатарын талбайд хөлбөмбөгийн талбайг тохижуулахад иргэд маш талархан хүлээн авсан. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж ямар их хэрэгтэй байгааг харуулсан.
Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, Улаанбаатар хотоо эдийн засаг, нийгмийн хувьд бие даан хөгжих боломжийг гаргаж өгсөн. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгааг сонсоход таатай байлаа" хэмээн онцлов.
Эх сурвалж: asu.mn