Миний бие ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийг санаачлан байгуулсан гишүүний хувьд сонгогдсон тойргийнхоо буюу Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 ангийн сурагчдын хүрээнд “#Баярлалаа_Сүхбаатар” үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг видео контент бүтээх уралдааныг санаачлан зохион байгууллаа.
Энэхүү уралдааныг хамтран зохион байгуулсан Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Сүү ХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэсэн утга агуулга бүхий видео контентыг өөрсдөө найруулж, жүжиглэж, бичлэг хийж бүтээл болгон түгээж “#Баярлалаа_Сүхбаатар” уралдаанд амжилттай оролцсон бүхий л сурагчид, анги хамт олонд баяр хүргэе.
Тэмцээнд Сүхбаатар дүүргийн 13 сургуулийн 6-12 дугаар ангийнхан бүтээлээ илгээснээс Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 7в ангийн бүтээл шилдгээр шалгарлаа. Тэмцээний түрүү 7в ангийнхан маань Төрийн ордонд зочлох эрх, СҮҮ ХК-ны “Алтан тасалбар”-ын эзэд болохын зэрэгцээ 1 сая төгрөгөөр шагнууллаа.
Үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг хийж хэрэгжүүлэх ажил зөвхөн Олон улсын ялгаварлан гадуурхлын эсрэг өдрийн хүрээнд хязгаарлагдахгүй юм. “#Баярлалаа_Сүхбаатар” нийгмийн нөлөөллийн аяны элч төлөөлөгч МУСТА, дуучин С.Гантогоотой хамтран ирэх 9 дүгээр сараас буюу 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад энэ сэдвээр илтгэл, сургалт мэдээлэл, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг үе шаттай зохион байгуулах юм.
Эх сурвалж: eagle.mn