УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран нарыг хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтаар волейболын спортыг мэргэжлийн түвшинд болон нийтийн биеийн тамирын хүрээнд хөгжүүлэх тухайд Монголын Волейболын холбоотой хэрхэн хамтран ажиллах тухайд ярилцсан байна.
Энэ талаар Ц.Мөнхцэцэг гишүүн “Миний бие хоёр долоо хоногийн өмнө ХБНГУ-ын Лейпцигийн их сургуульд зочилж Монголын дасгалжуулагч нарыг тус сургуулийн тэтгэлгээр сургах асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд волейболын дасгалжуулагч нар Лейпцигийн их сургуульд суралцах боломжтой болсон юм” хэмээн онцлоод Германд суралцах дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт болон бусад бэлтгэл ажлыг хэрхэн зохион байгуулах тухайд санал солилцов.
Мөн волейболын спортыг хөгжүүлэх, ЕБС дахь биеийн тамирын хичээл, волейболын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, энэ спортоор хичээллэх баг тамирчдыг дэмжих, гадаад харилцааг өргөжүүлэх тухайд хамтран ажиллахаар болжээ.
Эх сурвалж: VIP76.mn