Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээж авлаа

УИХ-ын чуулганы энэ сарын 03-ны нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр С.Дондов, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Я.Цэлмэн нарыг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд өнөөдөр /2022.06.03/ үүрэгт ажлаа хүлээн авлаа. 

ХЭҮК-ийн гишүүдийг томилсон тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг нар гардуулан өгсөн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ "МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ МЕХАНИЗМЫГ ХАНГАХ, ХҮНИЙ ЭРХИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг томилсон УИХ-ын тогтоолыг өнөөдөр ХЭҮК-т хүлээлгэн өгснөөр ХЭҮК-ийн гишүүд өнөөдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар боллоо.

Монгол Улсын ардчиллын гол үзүүлэлтийг гаргадаг, Ази дахь ардчиллын баянбүрд хэмээн нэрлэгдэхэд хүргэдэг гол индекс бол хүний эрх, эрх чөлөөний индекс байгаа.

Тэгэхээр хүний эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулахгүй байх боломжийг бий болгох, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжуудын биелэлтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх үндэсний гол байгууллага гэдэг утгаараа ХЭҮК-т ард иргэд өндөр хүлээлт тавьж ирсэн. Хүний эрхийн үндэсний комиссыг чадавхижуулах, бодлогын дэмжлэг үзүүлэх тал дээр ХЗБХ, Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн зүгээс анхааран ажиллаж байгаа.

Өнөөдөр шинээр томилогдож байгаа Хүний эрх, хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондовоос их зүйлийг хүлээж байгаа. Монгол Улс Азид анх удаагаа Хүний эрх хамгаалагчдыг хамгаалсан эрх зүйн хуультай болсон. Энэ бол Монголын ардчиллын томоохон нэг дэвшил юм. Хүний эрхийн төлөө зүтгэгчдээ хамгаалах, төрийн нөхөн олговор, дэмжлэг олгох тал дээр комисс анхааран ажиллана гэдэгт итгэж байна.

Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн эрүү шүүлтийг таслан зогсоох үндэсний механизмын хамгийн анхны том алхам болон орж ирж байна. ХЭҮК бол эдгээр асуудалд хамтран ажиллаж, хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд томоохон дэвшил гаргана гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье" гэв.

Эх сурвалж: check.mn