Ц.МӨНХЦЭЦЭГ: УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хөгжлийн банкны удирдлагуудаас асуулт асууж хариулт авав. Тэрбээр "Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны ээлжит хурлаар Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй, чанаргүй зээлтэй компаниудын өрийг хэрхэн барагдуулах талаар тус банкны саналыг хэлэлцэж байна. Улсад их хэмжээний хохирол учруулаад байгаа "Бэрэн групп" ХХК-ийн "Арматурын үйлдвэр" төсөлд дахин улсын төсвөөс 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэсэн саналыг Хөгжлийн банк оруулж ирж байгаатай санал нийлэхгүй байна.\

"Бэрэн групп" ХХК 2014 онд үйлдвэр барина гэдэг зориулалтаар 22.7 сая долларын зээл авсан байна. Энэ нь одоо улсад 150 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг болжээ. Үйлдвэрлэл явуулахад дахин 15 сая долларын нэмэлт эргэлтййн хөрөнгө шаардлагатай тул Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар "Бэрэн металл" компанид хөрөнгө оруулалт хийж нэмэлт зээл олгох асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж Хөгжлийн банк үзэж байна. Ингэж болохгүй.

Ц.МӨНХЦЭЦЭГ: УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН "БЭРЭН ГРУПП" ДАХИН УЛСЫН ТӨСВӨӨС 15 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЕ ГЭСЭН САНАЛЫГ ХӨГЖЛИЙН БАНК ОРУУЛЖ ИРЖ БАЙГААТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА.

“Бэрэн групп”-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтөр нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга нартай холбогдон авлигын гэмт хэрэгт шалгагдаж байсан. Б.Мөнхтөр нь Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг албан тушаал, бүрэн эрх, нөлөөгөө ашиглаж, байнга тогтвортой үйлдсэн хэмээх хэрэгт АТГ-т шалгагдаж яллах дүгнэлт бичигдсэн. Улсад асар олон тэрбум төгрөгний хохирлыг учруулсан, удирдлагууд нь мөнгө угаах гэмт хэрэгт шалгагдаж байгаа компанид ард түмний татварын мөнгөөр дахин 15 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж болж байгаа юм уу. Энэ нь нийгмийн шударга ёстой хэр нийцэх вэ?" хэмээн асуулаа.