СЭЛБЭ ГОЛЫН УРСГАЛЫГ СААДГҮЙ ӨНГӨРӨӨХ ТӨМӨР ХОНГИЛЫГ ХОЁР ЦЭГТ ТАВЬЖ, ШОРООН ЗАМЫГ ТЭГШИЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран иргэдийн хүсэлтийн дагуу Сэлбэ голын урсгалыг саадгүй өнгөрөөх төмөр хонгилыг хоёр цэгт тавьж, шороон замыг тэгшилж нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байна.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийнхээ санал, гомдлын дагуу нөхцөл байдалтай Ц.Мөнхцэцэг гишүүн хоёр ч удаа очиж танилцсаны үндсэн дээр тулгамдаад буй асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ. Урин дулааны цагт энэхүү шороон зам Сэлбэ голын урсгалд автаж машин тэрэг нэвтрэхэд ихээхэн хүндрэл учруулдаг байсан юм. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны 90 гаруй өрхийн иргэд гэр орон лугаа саадгүй нэвтрэх боломжтой болж байгаа юм.