УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.5-д нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгоно гэсэн. Энэ заалтын дагаа УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Эрүүл мэндийн яамнаас салбарын ямар шинэ хууль, тогтоомжийг өргөн барих вэ? Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл бэлэн болсон уу?
Хүн ам эрүүл байх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, зан үйлийг бий болгох нь яамны чухал зорилт. Тэгэхээр энэ чиглэлээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажил юу байна вэ?
Монгол улсын Засгийн газар нийтийн биеийн тамир, эрүүл аж төрөхөд анхаарал хандуулж анх удаа спорт, биеийн тамир хариуцсан сайдтай болсон. Уг сайдын хамтран ажиллах гол салбар бол эрүүл мэндийн салбар байх ёстой. Энэ тал дээр Эрүүл мэндийн яам ямар санаачлага гаргаж байгаа вэ?
Зар сурталчилгааны хуулийн тодорхой заалтууд тэр дундаа эрүүл мэндийн салбарт хамаарах заалтууд амьдралд хэрэгжихгүй байна. Тухайлбал эмийн бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тодорхой витаминууд зэрэг эдгээрийн зар сурталчилгааны үйл ажиллагаанд хуультай зөрчилдсөн, хориглосон зүйлүүд нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яваад байгаа юм. Мөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эмч, ажилтнууд тухайн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг олон нийтэд дамжуулах ийм ажлууд явж байна. Тиймээс энэ талаар хуульд өөрчлөлт оруулах, өөр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.