УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга, Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн даргын хувиар ЭСЯ-ны цэргийн атташе С.Самдангэлгийн хамт ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч, Германы Батлан хамгаалах яамны сайд асан Рудольф Шарпингтай Франкфурт хотноо уулзлаа.
Уулзалтаар Монгол-Германы хоорондын спортын харилцааг өргөжүүлэх, Монголын Junior, U23 тамирчдыг Германд сургах, улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийлгэх, Монголын дасгалжуулагч нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулах, Германы дугуйн клубүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, ханан дугуй буюу Track-ийн дугуйчдыг бэлтгэх, эмэгтэй дугуйчдыг дэмжих тухайд хамтран ажиллахаар болов.
Мөн ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч Рудольф Шарпинг Монголын дугуйн спортыг дэмжин ажиллахаас гадна “Парис 2024” олимпын наадамд Монгол улсаас өрсөлдөх спортын бүх төрлийн тамирчдыг ХБНГУ-ын Saarbrücken дахь "Olympischen Dorf" буюу олимпын тосгонд байрлан бэлтгэл хийх асуудлыг дэмжье гэдгээ илэрхийлжээ.
Ийнхүү ХБНГУ-тай дугуйн болон спортын салбарт хамтын өргөжиж байгаа тул тамирчин, дасгалжуулагч, тэр дундаа өсвөрийн тамирчид гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж, Герман, Англи хэл идэвхийлэн суралцах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцоллоо.