Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим.
Нийгмийн шударга ёсны зарчим нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг. Бүх хүнд боломж олгодог, нийгмийн шударга ёс хэрэгжсэн, орлогын эрс зөрүүтэй байдлыг бууруулж чадсан улс болохын тулд бид нийгмийн шударга хуваарилалтын бодлогыг явуулах ёстой.
Хүүхдийн мөнгө бол халамж биш, хөгжлийн том хөрөнгө оруулалт
Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман хүүхдийн хөгжилд оруулсан 1 доллар тутмын эргэх ашиг нь 12.90 доллар байна гэдгийг тооцоолж хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол олж авч буй тэр хэсэг хүмүүст бус улс орны эдийн засгийн хөгжилд бүхэлд нь өндөр үр ашигтай байдаг гэж дүгнэсэн байдаг.
Хүүхдэд оруулах хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засагт оруулж буй хөгжлийн ухаалаг хөрөнгө оруулалт төдийгүй ирээдүйд ялгаатай байдал бий болгохоос сэргийлэх, үе дамжсан ядуурлын гинжин холбоог таслах үр дүнтэй арга хэмжээ учраас хүүхэд бүрд ялгалгүй өгөх ёстой.