Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах долоо хоног тохиож байна

Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбооны санаачилгаар жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол улс энэ өдрүүдийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил дэлхий нийт “Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь” уриатайгаар энэхүү өдрүүдийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дахь хуралдаанаар 2017 оны 12-р сарын 19-ны өдөр баталсан 72/161 тоот тогтоолоор жил бүрийн 09-р сарын 23-ны өдрийг “Дохионы хэлний олон улсын өдөр” болгон зарласан байдаг.

Манай улсад сонсголын бэрхшээлтэй 12,000 гаруй иргэд амьдардаг. Хэлгүй, сонсголгүй хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль байгуулагдаад 56 жил болж байгаа хэдий ч дохионы хэлийг албан ёсоор батлан мөрдөж буй явдал байхгүй байна. Энэ нь хэлгүй, сонсголгүй хүүхдүүдийн сурч боловсрох, танин мэдэх зэрэг эрх байнга зөрчигдөж байдаг тул үндэсний дохионы хэлний эрхийг баталж мөрдүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна. .

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дохионы хэл нь нийгмийн харилцаанд орох, бусдын ялгаатай байдлыг ойлгох, хүлээн зөвшөөрөх, ялгаварлан гадуурхлаас хамгаалах зорилготой бөгөөд дохионы хэлийг албан ёсоор хуульчилж батлаагүй байгаа нь тэдгээр иргэдийн сурч мэдэх эрх хаагдаж, бусдын адилаар боловсролтой болох эрх зөрчигдөж байна.

Тиймээс Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо, Тэгш Тусгал ТББ манлайлан “Монгол дохионы хэлний хуулийг дэмжье” хэлэлцүүлгийг энэ өдөр зохион байгуулж байгаад талархалтай байна. Миний бие УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд энэхүү хуулийн төслийг өргөн барих, хэлэлцүүлэх, батлах ажилд идэвхийлэн оролцохоо илэрхийлж байна.