Германы экстрем дугуйчин монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл аялна

ХБНГУ-ын экстрем спортын тамирчин Гийдо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор 8 сарын 5-аас Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл /Улаангом - Архангай - УБ - Багануур – Баруун-Урт - Бичигтийн боомт/ 2400 км замыг уулын дугуйгаар хамгийн богино хугацаанд буюу 7 хоногт аялна.

Энэхүү аяллыг хийснээр Монгол Улс төдийгүй Монголын дугуйн спорт аяллыг дэлхийд сурталчлах үнэ цэнтэй бүтээл болох юм. Экстрем спортын аяллын үеэр Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын “Боролдой” студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах юм.

Экстрем аялагч Гийдо Кунзегийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох эл аяллыг зохион байгуулах, бэлтгэх бүх ажлыг УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, Монголын дугуйн холбоо, Зам тээврийн яам, Нийслэлийн ЗДТГ хамтран хариуцан ажиллаж байна.