УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сүүлийн өдрүүдэд болж буй жагсаалд оролцогчдын тавьж буй гол шаардлага болох “Нүүрсний хулгайчдын” нэрсийг зарлах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр "УИХ-аас “Нүүрсний хулгайчдын” нэрсийг зарлаж болдоггүй юмуу? Энэ хэрэг удаашралтай байхад УИХ-ын гишүүд огт дуугарахгүй, юм хийхгүй байна гэсэн шүүмжлэл нэлээд ирж байна.
Монгол улс эрх зүйт ардчилсан улс орны хувьд гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагууд хийх үүрэгтэй бөгөөд энэ үйл ажиллагаа хэнээс ч хараат бус явагдах ёстой юм. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгч, прокурор бусад мөрдөн шалгах байгууллагын хүмүүст УИХ-ын зүгээс нөлөөлөх боломжгүй.
Харин Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхээ УИХ “Нүүрсний хулгайн” асуудлаар хэрэгжүүлж эхлээд байна. УИХ энэхүү хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг алдагдуулахгүй байх, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг орлон гүйцэтгэхгүй байх, хараат бус, бие даасан байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх ёстой юм.
УИХ-ын хяналт нь асуулт, асуулга тавих, Хянан шалгах түр хороо байгуулах, нийтийн сонсгол зохион байгуулах гэх мэт олон хэлбэртэй. Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах эрхийн хүрээнд Нүүрсний хулгайн асуудлаар түр хороо байгуулагдан ажиллаж байна.
УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь тухайн асуудлаар,
-Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах,
-Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх,
-Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих,
-Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах,
-Санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх эрхтэй.
Хянан шалгах Түр хороо 12 сарын 21-нд Нүүрсний хулгайн асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг хийж шалгагдаж буй ноцтой хэргүүдийн явц, шийдвэрлэлт, оффтейк болон бусад гэрээнүүд зэрэг асуудлаар хууль, хяналтын байгууллагуудын мэдээлэл сонсох юм.
Миний хувьд Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын хамт санаачилж түр хороонд ажиллаж байна. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтүүд амжилттай хийгдэж, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж дуусгаад байна. Цаашид ч Хянан шалгах түр хорооны маань ажил үргэлжилж, Нийтийн сонсголуудыг хийх болно.
Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцох, ялын бодлогыг чангатгах тухайд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өөрчлөлт хийх асуудлаар Ажлын хэсгүүдэд орж ажиллах болно. “Нүүрсний хулгай”-г илрүүлэх талаар ажиллаж буй Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллана" хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ.