Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар сонголоо.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ дахь Монгол-Европарламентын бүлгийн дарга, Монгол-Германы бүлгийн дэд даргаар ажилладаг юм.
Түүний хувьд 2021 оны хаврын чуулганаар баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бөгөөд, энэ хууль батлагдсанаар Монгол Улс Ази тивдээ анх удаа Хүний эрхийг хамгаалагчийг эрх зүйн зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхээ хамгаалж байгаа иргэний нийгмийн байгууллага зэрэг эвлэлдэн нэгдэж буй улс болсон юм.
Түүнчлэн тэрээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хамтаар “Эрүүдэн шүүлтгүй Монгол” улс төрийн акцыг өрнүүлж төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн яллагдагч, иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн, эрх нь ноцтой зөрчигдсөн асуудалд анхлан дуугарч асуудлыг эргэн харах нөхцлийг бүрдүүлж байв. Мөн Жагсаал цуглаан хийх эрхийн тухай сонсгол, зэвсэгт хүчин дэх дүрмийн бус харьцааны талаарх сонсголуудыг санаачлан ажиллаж байсан билээ.
Түүний хүний эрхийн төлөөх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан үйл хэргийг ХЭҮК-оос үнэлж, “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭГЧ ТӨРИЙН ТҮШЭЭ”-гээр тодруулж байв.
Тэрээр одоо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа аж.