УИХ-ын чуулганы /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус хуулийн төслийг танилцуулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн ТББХ-ны санал, дүгнэлтийг танилцуулав.
Сонгуулийн мажоритар тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэхэд сонгогчдын санал гээгдэх нь бага, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай.
Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой байх зохицуулалтыг тусгаж, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хангана.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн багууд төслийг иргэдэд танилцуулан санал авах хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 6 мянга орчим иргэд биечлэн оролцож, давхардсан тоогоор 33900 гаруй санал өгсөн байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн арвын 1.4-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал авсан байх шаардлагын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ҮАБЗ-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийг төлөөлөх парламентын чадамжыг сайжруулах хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох УИХ-ын нийт гишүүний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулахаар тусгасан байна.