Ц.Мөнхцэцэг: Сүүлийн 30 жилийн алдааг засах, олон улсад нийцсэн хуулийн төслийг боловсруулахаар хичээж буй

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Энэхүү шинэчилсэн хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж буй. Түүний хувьд улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар сүүлийн гурван парламент дамнан эрдэмтэн, судлаачдын хамт ажиллаж байгаа билээ.

Энэ хугацаанд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, НҮБХХ, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сан, Transparency International, БНСУ-ын Койка олон улсын байгууллага, Япон улсын элчин сайдын яам болон “Нээлттэй нийгэм форум” зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж санал зөвлөмж солилцож, судалгаа шинжилгээ хийж, цуврал хэлэлцүүлгүүдийг хийж ирсэн.

ТЭРЭЭР  МОНГОЛ УЛС НЬ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН УЛСЫН ХУВЬД МӨН ДЭЛХИЙ ДАХИН ДАХЬ АРДЧИЛЛЫН ҮЙЛ ЯВЦЫГ ДЭМЖИЖ БАЙДАГ УЛСЫН ХУВЬД БУСАД УЛС ОРНЫ ПРАКТИКИЙГ СУДАЛЖ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН.

Тухайлбал, дэлхийн 120 гаруй улс орны улс төрийн намын болон санхүүжилтийн хуулийг судалж, сүүлийн 30 жилийнхээ алдааг засахуйц, олон улсын стандартад нийцсэн хуулийн төслийг боловсруулахаар хичээж байгаагаа онцолсон юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх өнөөдрийн хэлэлцүүлэгт  улс төрийн 30 нам оролцож, 21 нам хуулийн төсөлд саналаа өглөө.