УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Улаанбаатар хотод хүн амын өсөлт, түгжрэл, утааны асуудал гээд асар олон асуудлыг шийдэхэд бодлогын болон олон өөрчлөлт хийх зориг Х.Нямбаатар сайдад бий. Нийслэлийн хүн амын асар их нэмэгдэж байна. 2040 он гэхэд 2,6 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Боловсрол, сургууль, нийтийн тээврийн хүртээмж гээд шийдэх асуудал байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж газар чөлөөлөлт болон бусад асуудал шийдэгдэж, нийслэлийн статус нэмэгдсэн.
Нийслэлээс сонгогдсон гишүүдийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулдаг. Таны хувьд цаашдаа татварын асуудал дээр анхаарч ажиллах байх. Нийслэлийн иргэдийн амрах таатай газрыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хотын соёлыг түгээх, хотын стандартыг тогтоох шаардлагатай байна. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, түүх дурсгалын газраа хамгаалж нөхөн сэргээх зэрэг олон чухал асуудалд анхаарлаа хандуулж ажиллаарай.