УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тойргийнхоо иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Тэрээр 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 17, 18, 20-дугаар хороонд ажилласан юм.
Иргэдийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж буй бол дорвитой томхон өөрчлөлтүүд хийх нь зүйтэй, 152 гишүүнтэй болох тухайд эдийн засгийн тооцооллыг хэр хийсэн бэ, холимог системийг нэвтрүүлэхдээ парламентад орж ирэх намууд болон нэр дэвшигчдэд тавих шаардлагыг чангатгах тухайд асуулт, саналуудыг хэлж байлаа.
ИРГЭДИЙН ОЛОНХИ НЬ СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ ТАЛААР ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛСЭН.
Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгох асуудлаар нэлээд нь эсрэг байр суурьтай байгаа бөгөөд УИХ-д нэр дэвшигчдэд хатуу шалгуур тавих, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдогсдыг дахин дэвшүүлэхгүй байх тухайд улс төрийн намууд анхаарах ёстойг хэлж байв.
Мөн зарим иргэд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах нь зөв, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийг нэмэх шаардлагатай тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байна гэдгийг хэлсэн. Ийнхүү иргэдээс ирсэн санал бүрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх болно гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг илэрхийлэв.