УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн 17, 18, 20 дүгээр хорооны иргэдтэй Ерөнхий боловсролын 71 дугаар сургууль дээр уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, тэдний саналыг авлаа.
Уулзалтад оролцсон иргэдийн олонхи нь сонгуулийн холимог тогтолцооны талаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгох асуудлаар нэлээд нь эсрэг байр суурьтай байгаа бөгөөд УИХ-д нэр дэвшигчдэд хатуу шалгуур тавих, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдогсдыг дахин дэвшүүлэхгүй байх тухайд улс төрийн намууд анхаарах ёстойг хэлж байв.
Мөн зарим иргэд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах нь зөв, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийг нэмэх шаардлагатай тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байна гэдгийг хэлсэн.
Цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирж, дуу хоолойгоо хүргэсэн нийт иргэд сонгогчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнээс ирсэн санал нэг бүрийг бид УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх болно.