Монгол Улс дахь Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 22 дахь илтгэлийг өнгөрсөн долоо хоногт чуулганаар танилцсантай холбоотойгоор гарсан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнөөдөр мэдээлэл өглөө.
Манай улсад халдашгүй, чөлөөтэй байх, хүүхдийн, ахмад настны, иргэний оролцоо, хүний эрх хамгаалагч, төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэх тэргүүтэй эрхүүд ихээр зөрчигдөж байгаа ажээ.
Хууль зүйн байнгын хороо дээрх чиглэлүүдээр өнөөдөр тогтоол гаргах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Дүгнэж үзэхэд манай улсад халдашгүй байх эрх шүүхийн хэмжээнд болон хэрэг мөрдөн байцаах шатанд ихээр зөрчигдөж байна. Тэр дундаа шүүхийн тогтоолгүйгээр баривчлан хорьдог асуудалд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтуудад өөрчлөлт орсон.
Гэмт хэргийн нотлох баримтыг устгаж болзошгүй, оргон зайлах магадлалтай зэрэг заалтаар шүүхийн тогтоолгүй баривчилж буй нь Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхийг зөрчиж буй. Тиймээс ХЭҮК-оос зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн.
Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хувьд төрийн хэмнэлтийн хуулиар төсвийг хэмнэсэн нь цалин хөлс доогуур байх, ажиллах нөхцөл байдал хангагдахгүй гэх мэт зөрчлүүдийг үүсгэж байна.
Ахмад настны хөгжлийн төв хангалтгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмж хангалтгүй байна.
Сурагчдын дотуур байранд гарч буй зөрчлүүд их байна. Дурын нэгэн өрөөнд нь нэвтрэх боломжтой, камержуулсан, охидын ариун цэврийн өрөө дотроосоо түгжих боломжгүй, чанарын шаардлага хангаагүй орчинд хүүхдүүдийг амьдруулж байгаа явдал орон нутагт түгээмэл болсон.
Жендерийн эрх тэгш байдал алдагдсаар байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол гаргана. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулна" хэмээлээ.