Унадаг дугуйтай Улаанбаатар
Нийслэлийн автомашины түгжрэлийг буруулахад дугуйн хэрэглээ чухал үүрэгтэй. Дэлхийн томоохон хотуудын иргэд дугуйг өдөр тутамдаа хэрэглэж эрүүл мэнд болон агаарын бохирдол, замын түгжрэлийг буруулахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг билээ. Тодруулбал, Их Британид 37 мянга, Германд 28 мянга орчим, Унгарт 10 мянга гаруй дугуйтай шуудан зөөгч ажилладаг. Мөн автомашины түгжрэл их байдаг хотуудад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор цагдаа, түргэн тусламжийн эмч нар унадаг дугуйг өргөн ашиглаж байгаа аж.
Харин манай нийслэлчүүдийн 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог байна. Дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зориулалтын дугуйн зам, зогсоол зэрэг дэд бүтцийн асуудлыг нь бүрдүүлж өгөх нь нэн чухал. Тийм учраас энэ жил нийслэлийн 23 байршилд 55км унадаг дугуйн зам, 8 байршилд 2.9 км гүүрэн замыг байгуулахаар төлөвлөөд буй. Ингэснээр Унадаг дугуйтай Улаанбаатарчуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.