УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
"Гэр бүл салалтаас үүдэлтэйгээр хүүхэд, ахмад настан хохирох асуудал удаа дараа нэмэгдэж байгаа. Энэ нөхцөлд гэр бүлийн тухай хуульд гэр бүл бологчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулсан тодорхой нөхцөлд гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулинд болон бусад хариуцлагыг нилээн оруулж өгсөн байна.
Энэхүү төсөлд удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртсон гэрлэлтээс сэргийлэх тухай дэвшилттэй заалтууд орсон байна. Гэрлэлтийг бүртгэх үед садан төрлийн гэрлэлтийг хориглох, цус ойртох сэргийлэх үүднээс ДНК-ийн шинжилгээнд заавал орох ёстой гэсэн зохицуулалт оржээ. Энийг заавал ДНК-ийн шинжилгээ хийлгэсэн байна гэж хуульчлаагүй байна. Энийг хуульчлаад оруулж болдоггүй юм уу? Гэрлэгчид ДНК-ийн шинжилгээ өгсөн байна гээд оруулчихаар өнөөдрийн байдал засрахгүй юм биш үү.
Гэрлэгчдийн эрх, үүргийг гэрлэлтийн гэрээгээр зохицуулахаар хуулинд оруулж өгсөн байна. Энэ бол ОУ-ын жишиг байдаг. Мөн энийг заавал биелүүлэх үүрэг болгож хуульчилж болохгүй юу? Хэрэв гэрлэлт цуцлагдах үед гэрлэгчдийн хооронд эд хөрөнгө бусад маргаан байгаа тохиолдолд шүүх тухайн гэрлэгчдийн хоорондын гэрлэлтийн гэрээг үндэслэн гэсэн заалт орж ирсэн байгаа. Хэрвээ гэрлэлтийн гэрээ байхгүй тохиолдолд хуульд заасан бусад нөхцөлөөр шүүх гэр бүлийн гишүүдийн хооронд хөрөнгө хуваарилан гэсэн заалт байгаа учраас гэрлэлтийн гэрээг заавал байхаар үүрэгчилж болдоггүй юм уу?
Түүний асуултад, ХЗДХ-ийн дэд сайд Солонго хариуллаа.