АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татварыг нэмэх хэрэгтэй гэв

Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн АН-ын дотоод сунгаа түүхэнд байгаагүй олон өрсөлдөгчтэй, хамгийн хөгшин нэр дэвшигчидтэйгээр ид өрнөж байна. Сенатч, Төлөөлөгчдийн танхимийн гишүүн, бизнесмэн, шашны номлогч, ижил хүйстэн хотын захирагч гэх мэт 28 нэр дэвшигч АН-аас ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авахын төлөө үзэлцэж байгаа юм.

БНН дотор ерөнхийлөгч Дональд Трамптай нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөнө гэж Массачусетс мужийн амбан захирагч асан Билл Уэлд, Конгрессын гишүүн асан Жо Уолш нарын хэд хэдэн хүн мэдэгдээд байгаа ч тэд Трампын урд гарч намаасаа нэр дэвших шанс байхгүй байгаа тул өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөх хүн АН-ын дээрх 28 хүнээс л тодрох юм.

Эдгээр нэр дэвшигч дотроос 77 настай, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зарлан сонгуулийн кампаниа эхэлсэн цагаас эхлэн санал асуулгуудыг тэргүүлж байгаа бол түүний араас 78 настай, сенатч, 2016 оны сонгуульд Хиллари Клинтонтой АН-аас өрсөлдөж ялагдаж байсан Берни Сандерс, Харвард, Пенсильванийн их сургуулиудад багшилж байсан профессор 70 настай Элизабет Воррен явж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2020 оны нэгдүгээр сарын 7-ны судалгаагаар Жо Байден 27 хувь, Берни Сандерс 18 хувь, Элизабет Воррен 16 хувийн саналтай байгаа юм.

Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны ижил хүйстэн гэдгээ ил тод зарласан, Индиана мужийн нэгэн жижиг хотын захирагч 37 настай Пит  Бутижеж юм.

Нэг. Америкийн сонгогчид хэнийг дэмжиж байна вэ?

Хар арьст сонгогчдын саналыг татахгүйгээр АН-аас нэр дэвшиж чадахгүй

Жо Байден Африк гаралтай америкчууд буюу харууд голчлон дэмжиж байгаа нь АН-аас нэр дэвших эрхээ бараг авцан гэсэн үг. Ер нь 1980 оноос хойш Африк гаралтай америкчуудын саналыг авахгүйгээр АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авах боломжгүй болсон билээ. Гэхдээ үүн дээр нэмж Латин Америк гаралтай иргэдийн саналыг татах ёстой.

Миллениалуудын дунд Берни Сандерс дэмжлэг өндөртэй байна

Миллениалууд буюу 1990 оноос хойш төрсөн шинэ мянганыхан энэ жилийн сонгуулиар дайны дараах Их төрөлтийн үеийнхнээс тооны хувьд илүүрхэж сонгогчдын дунд хамгийн их жин дарж байгаа бүлэг болж байгаа тул энэ удаа АН-аас дэвшилтэт үзэлт улс төрч тодрохын тулд залуучуудын саналыг татахаас өөр аргагүй болж байна. Тэгвэл Берни Сандерс 30 хүртэлх насныхны дунд хамгийн их дэмжлэг хүлээж байгааг судалгааны дүгнэлтүүд харуулж байгаа.

Боловсрол өндөртэй иргэд Элизабет Воррен, Берни Сандерс нарыг дэмжиж байна

АН-ын гол дэмжигчдийн олонх нь боловсрол багатай иргэд байдаг зүй тогтлын дагуу энэ удаа ч АН-аас дэмжигчдийн гурван хүн тутмын хоёр нь дээд боловсролгүй байгаа юм. Тийм ч учраас Жо Байден дэмжигчид дотор дунд сургуулийн болон түүнээс доогуур боловсролтой хүмүүс олон байгаа бол Элизабет Воррен, Берни Сандерс нарыг боловсрол өндөртэй сонгогчид дэмжиж байгаа нь судалгаанаас харагдсан.

АН-ын гол дэмжигчдийн олонх нь боловсролын түвшин доогуур иргэд байдаг зүй тогтлын дагуу энэ удаа ч тус намаас дэмжигчдийн гурван хүн тутмын хоёр нь дээд боловсролгүй байгаа юм.

Хоёр. Сонгуулийн гол асуудлууд

Америкийн АН-ын уламжлалт бодлогын дагуу нэр дэвшигчдийн өрсөлдөөн нийгмийн хамгааллын хөтөлбөр, эрүүл мэндийн тогтолцоо тойрсон бодлогын мэтгэлцээнээр явагдаж байна. 2019 оны зургадугаар сараас нэр дэвшигчдийн мэтгэлцээн эхэлсэн бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сарыг дуустал нийт 12 удаагийн мэтгэлцээн болохоос одоогоор найман удаагийнх нь явагдаад байна.

АН доторх либераль болон социал демократ фракцуудын бодлогын ялгаа ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаан дахь энэхүү мэтгэлцээнүүдээр тод харагддаг нь энэ удаа ч мөн адил байна.  

Ингээд бодлогын мэтгэлцээнүүдээр яригдсан нэр дэвшигчдийн тодорхой асуудлаарх байр суурийг танилцуулья.

Эрүүл мэндийн үйлчилгээ

Америк бол эмнэлгийн үйлчилгээ нь дэлхийд хамгийн өндөр өртөгтэй байдаг улс билээ. Тийм учраас Америкийн АН-ын бодлого, үе үеийн ерөнхийлөгч нарын өөрчлөх гэж оролдож ирсэн гол асуудал бол бага, дунд орлоготой иргэдэд эмнэлгийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй болгох явдал юм. Чухам энэ байдлыг өөрчлөхийн тулд Барак Обама ерөнхийлөгч байхдаа бага болон дунд орлоготой эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийг бүгдийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн зардлын нэлээд хэсгийг төрөөс даах, эрүүл мэндийн байдлаас үл хамааран үнэгүй үйлчилгээг авах боломжийг олгох Obamcare гэж нэрлэгдсэн даатгалын бодлогыг нэвтрүүлсэн юм.

Элизабет Воррен, Берни Сандерс нар нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ, дээд боловсролд зарцуулах төсвийг нэмэгдүүлж иргэдийн төлбөрийн чадвараас үл хамааран эрүүл мэндийн даатгалын зардлыг төр даах нь зөв гэж үзэж байгаа. Харин Пит Бутижеж нарын нэр дэвшигчид зөвхөн төлбөрийн чадваргүй иргэдийн эрүүл мэндийн зардлыг л төр даахыг дэмжиж байгаа бол Жо Байден нар Obamcare бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байгаа.

Татварыг нэмэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв

Америк нийгэмд баян хоосны ялгаа асар нэмэгдэж байгаа тул энэ жилийн АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хувьд нийгэм дэх орлогын тэгш бус байдлыг бууруулахын тулд татварыг нэмж төрийн халамжийн үйлчилгээг нэмье гэдэгт санал нэгдэж байгаа. Жо Байден нарын олонх нэр дэвшигчид татварын түвшинг бүхэлд нь нэмье, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмье гэж байгаа бол Берни Сандерс, Элизабет Воррен нарын зарим нэр дэвшигчид орлого өндөртэй хүмүүсийн татварыг илүү ихээр нэмэгдүүлэх буюу прогрессив татварыг санал болгож байгаа юм.

Галт зэвсгийг хязгаарлах

Америкчуудыг цочирдуулсан галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэргүүд байнга гарах болсны улмаас галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах тухай асуудал сүүлийн үед ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн гол сэдэв болчихоод байгаа. Энэ удаа АН-аас нэр дэвшигчид бараг бүгд галт зэвсгийн хэрэглээг хориглох нь зөв гэж үзэж байна.

Хилийн аюулгүй байдлыг хангах

Америкчуудын 57 хувь нь цагаачдын талаарх Трампын бодлогыг дэмжихгүй байгаа. Тийм учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид Мексикийн хил дагуу хана босгоно гэсэн Трампын бодлогын оронд хилийн аюулгүй байдлыг чангатгахын тулд энэ талаарх  төсвийг нэмэх, нэгэнт ирсэн бичиг баримтгүй хууль бус цагаачдад АНУ-ын иргэншил олгох зэргийг ярьж байгаа юм.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг