МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, дэд профессор, Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
Б.ЭНХЦЭЦЭГ 2016.02.28
-Ярилцлагаа таны хамгийн сүүлд хийсэн “Монголын сонгогчдын зан үйлд нөлөөлөх хэвлэл мэдээлэл ба хүмүүс хоорондын харилцаа” сэдэвт докторын дараах судалгаанаас эхэлье. Энэ ажлынхаа үр дүнгээс танилцуулаач.
-Сонгогчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүмүүс хоорондын харилцаа гэсэн хоёр сувгаас гол мэдээллээ авдаг. Хүмүүс хоорондын харилцаа нь гэр бүл, найз нөхөд, хамт олон, хөршийн аман яриагаар дамждаг юм. Өрнөдийн улсуудад энэ хоёр сувгийн аль нь илүү нөлөөтэй вэ гэдэг талаар судалгаа нэлээд хийгдсэн байдаг бол манайд ийм судалгаа хийгдээгүй байсан. Би 2013 онд Америкийн Охайо их сургуульд зочин судлаачаар ажиллахдаа энэ асуудлыг гүнзгийрүүлэн судалсан юм. Уг судалгааны ажил маань саяхан англи хэл дээр хэвлэгдсэн. Энэхүү судалгааны дүнгээс харвал Монголын сонгогчдын зан үйлийг хотын сонгогчид, хотод шинээр суурьсан сонгогчид, хөдөөгийн сонгогчид гэсэн гурван үндсэн бүлэгт хуваан авч үзэж болохоор байна. Хот суурин газруудын сонгогчдын зан үйлд телевиз, сонин, интернэт зэрэг хэвлэл мэдээллийн сувгууд, хөдөөгийн, тэр дундаа сумдын сонгогчдын хувьд телевиз болон ам дамжсан яриа буюу хүмүүс хоорондын харилцаан суваг хүчтэй нөлөөтэй байгаа нь харагддаг. Улс төрийн намууд сонгуулийн кампанидаа яруу найрагчид болон бөхчүүд, уяачид гэх мэт тухайн нутгийн алдартнуудыг ашиглан дам яриа, цуурхал зэргийг сонгогчдын дунд тараадаг нь сонгуулийн уриа, лоозон гэх мэт албан ёсны сурталчилгаанаас хавьгүй хүчтэй нөлөөлдөг болох нь тогтоогдсон.
-Тухайлбал, ямар тойрог, нутгийнхан илүү цуурхалд автсан байдаг талаар жишээ хэлэхгүй юү?
-Энэхүү судалгаандаа 2012 оны УИХ-ын сонгуулийн хотын нэг тойрог, хөдөөгийн нэг тойргийг түүвэр болон судалсан учраас аймаг бүрийн онцлогийг нэгбүрчлэн гаргах боломжгүй байв. Гэхдээ нутаг ус нь хязгаар байх тусам, сумаасаа алслагдмал амьдрах хэрээр сонгогчид цуу ярианд автамхай болдог нь ажиглагдсан. Мөн Улаанбаатар хотод сүүлийн 20 гаруй жил хөдөөгөөс шилжин ирэгсдийн нүүдэл тасраагүй нь ч сонгогчдын бие даасан шинэ бүлгийг бий болгосон байгаа юм. Баруун аймгаас шилжин ирэгсэд голдуу нийслэлийн баруун дүүрэг Сонгинохайрханд төвлөрсөн байдаг бол зүүн аймгийнхан Баянзүрх, Багануур, Налайх гэсэн зүүн дүүргүүдэд төвхнөсөн байх жишээтэй. Хотын уугуул иргэд, төвийн дүүргүүдэд оршин суугчдаас тэд юугаараа ялгарч байна вэ гэхээр нутгийнхныхаа яриа хөөрөөг маш их анхаардаг, тухайн аймаг орон нутгийн нөлөө бүхий хүний үг, тараасан мессеж хүчтэй нөлөөлж байгаа нь харагдсан.
-Цуу яриа сонгуулийн сурталчилгааны гол хүчин зүйл болдог нь олон улсад ховор туршлага уу?
-Энэ судалгааг хийхээсээ өмнө би Европын таван орны сонгогчдын сэтгэл зүйг харьцуулсан судалгаатай зориуд танилцсан. Тэгэхэд Итали, Испани зэрэг Өмнөд Европын улсуудад сонгуулийн сурталчилгаанд хүмүүс хоорондын харилцааны сувгууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү хүмүүсийн зан үйлд нөлөөлж байсан. Тухайлбал, Итали гэхэд л уламжлалт соёл буюу хамтын соёл хадгалагдсан улс бөгөөд хүмүүс нь гэр бүлсэг, уламжлалдаа үнэнч. Тэнд эцэг эх, ах дүү, хамаатан садны нөлөөллийг өндөрт тооцож байна. Харин постмодерн соёлтой нийгэм буюу хувь хүний хүчин зүйл гол болдог дээдэлдэг Англи, Францад хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг өндөр байх жишээтэй. Эндээс үзэхэд нийгэмд ах дүү хамаатан садны нөлөө өндөр, овог угсаа гарлаар хүнийг үнэлж дүгнэдэг уламжлалт соёл бүхий Монгол улсад нотлогдох боломжгүй ам дамжсан, дэл сул яриаг зориудаар тараах, нэр дэвшигчийн эцэг, эхийн талаарх цуурхал тараах зэрэг нь мөн адил сонгогчдын зан үйлд хүчтэй нөлөөлөхөөс өөр аргагүй юм.
-Монголын улс төрийн намуудын сурталчилгаа сонгогчдынхоо сэтгэл зүйтэй уялдан мөн л нэлээд онцлог байдлаар явагддаг уу?
-Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийг судалж үзэхэд дэлхий дахинд XX зууны 70-80 онд хэрэглээд үеэ өнгөрөөчихсөн арга барил буюу уламжлалт хэв маяг давамгайлдаг. Гэтэл Америк, Европод одоо постмодерн буюу орчин үежсэний дараах шинэ технологийг хүчтэй хэрэглэх болсон. Монголын сонгуулийн сурталчилгаа төрийг дээдлэх үзэл, шашин, үндэсний үзэл, нутгархах хандлага, хамаатан садны хэлхээ холбоо гэсэн уламжлалт хүчин зүйлсэд түшиглэдэг. Тиймээс энэ сонгуулиар ч орон нутагт нэр дэвшигчид дээлнээсээ салахгүй, тараах материал нь уул, усны зурагтай хэвээр л байх болно. Түүнчлэн намууд яруу найрагчдыг хөлслөх болсон нь ард түмний сэтгэл зүйд тулгуурласан сонгуулийн уриа, лоозон, яриа хөөрөө тараах зорилготой. Жишээ нь, морины тухай сурталчилгаа, дуу, шүлэггүй бол Дундговь, Төв аймагт “давхих” нь эргэлзээтэй болж байх шиг.
-МАН-ын генсек яруу найрагч байгаа нь тохиолдлын хэрэг биш бололтой?
-Магадгүй л юм.
-Сонгуулиар мөнгө, эд бараа тараасан нэр дэвшигч яг л хууль зөрчин байж ард олноо энэрэн хайрласан агуу буянтан ч юм шиг, сонгогч нь болохоор тэр ачийг нь бодон бодон хариулагч баатар ч юм шиг инээдэмтэй ч гэх үү, эмгэнэлтэй дүр зураг манайд түгээмэл шүү дээ.
-Гоё асуулт байна. Сонгууль гэж бөөн хүлээлт. Мөнгө өгөх нь үү гээд л харуулдана. Ядаж өргөмжлөл авчих гээд л. Ямар нэг юм өгөхгүй бол хүлээж авахгүй. 2012 онд “Анод”-ын гэгддэг Даваа гуай Хан-уул дүүрэгт нэр дэвшсэн. Рейтингийн эхний судалгаагаар нэр дэвшигчдийн долоодугаарт жагсаж байв. Гэтэл удаахаар нь эхний гурав руу цойлчихсон. Яасан гэхээр архи тараасны дараа нэр хүнд нь тэгж огцом өссөн хэрэг.
-Мөнгөтэй хүн юм тараадаг, мөнгөтэй хүнийг сонговол гишүүн, сайд болсон хойноо төрийн мөнгөнөөс хулгайлахгүй гэдэг философи байдаг.
-Хүний хүсэл шунал ханадаггүй нь ерөөсөө хүний дутагдал гэхээсээ бараг мөн чанар нь юм гэж харахад алдах зүйлгүй шүү дээ. Албан тушаалтныг хазаарлах зүйл бол ганцхан хууль. Хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэх нь л чухал. Бурхан шиг сайн хүн, баян хүн мөнгө завшдаггүй гэдэгт итгэх хэрэггүй. Сонгогч бол ардчилсан тогтолцоондоо, хуульдаа л итгэх ёстой. Өөрөөр хэлбэл ардчиллын мөн чанар бол хувь хүний сайн сайханд итгэх биш, тогтолцооны найдвартай байдалд л итгэх явдал билээ.
-Монголчууд биднийг цөөн үгээр тодорхойлбол ямар зан чанартай хүмүүс вэ?
-Хээгүй, гүндүүгүй. Харахад хэрийн юманд барьц алдахааргүй нуруутай ч юм шиг. Гэтэл яг бодит байдал дээрээ аливаад цээжний бангаар хандах маягтай. Асуудлыг эртнээс төлөвлөхгүй, цагийн юмыг цагт нь хийхгүй байсаар нэг амьсгаагаар дайрдаг. “Тэгж байгаад болно доо” гэсэн хандлагатай. Сонгогч бол хариуцлагатай л байх ёстой болохоос хээгүй гүндүүгүй байж болдоггүй л байхгүй юу.
-Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль маш өрсөлдөөнтэй болсонд сурталчилгааны ямар хүчин зүйл нөлөөлсөн бол?
-Интернэтийн сурталчилгаа нэлээд хүчтэй хийсэн өвөрмөц сонгууль болсон шүү дээ. Нэр дэвшигчдийн бие галбирыг харьцуулсан зураг хөрөг интернэтээр цацагдсан, мөн МАН-аас дэвшсэн Б.Бат-Эрдэнийг бөх барилдаад явж байхад АН-ын Ц.Элбэгдорж аль хэдийн парламентын гишүүн болчихсон байсан тухай харьцуулалт олон сонгогчийн, тэр дундаа хотын сонгогчдын хүртээл болж чадсан. Үнэндээ тэр үед судлаачид Б.Бат-Эрдэнийг Ц.Элбэгдоржтой тийм хүчтэй өрсөлдөнө гэж таамаглаа ч үгүй байсан. Ц.Элбэгдорж ердөө гурван хотоос авсан саналынхаа илүүгээр ялсан шүү дээ.
-Манай улстөрчид сүүлийн үед пиар хийж байна, пиар хийлгэлээ гээд л яриад байх болсон. Өрнөдөд намын пиар гэж ямар байдаг, сонгуулийн кампаниа яаж явуулдаг юм бол. Ер нь Монголын намууд энэ талбарт ямаршуухан түвшинд явж байна?
-Манай намууд, улстөрчид сурталчилгааг пиар гэж ойлгодог. Улс төрийн пиар гэдэг нь хамгийн товчоор бол тухайн компани юмуу нам нэр дэвшигчийн зорилтот бүлэгт эерэг хүлээлт, үнэлэмж бий болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаа юм. 2012 оны сонгуульд намууд мэргэжлийн пиарын үйлчилгээг ашиглах гэж хичээсэн боловч энэ чиглэлээр ажилладаг хүн маш цөөн юм билээ. Сонирхогчийн түвшинд пиарчид байдаг, яг нарийн мэргэшсэн нь байхгүйтэй адил. Улс төрийн нам сонгогчидтой харилцах судалгаа, пиар, коммуникацийн иж бүрэн үйлчилгээ авч байж сонгуулийн мөрийн хөтөлбөр бодитой гарна. Энэ нь нийгмийн хөгжилд ч өгөөжөө өгдөг учиртай.
-Дөрвөн сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байгаа энэ үед сонгуулийн өмнөх тандалт судалгаа гэх дорвитой зүйл олны хүртээл болсонгүй. Ер нь хэвлэлд нийтлэгдэх намуудын рейтингийн судалгаанд уншигчид хэрхэн хандвал зохилтой вэ?
-АНУ болон Европын улсуудад сонгуулийн үеэр намуудын рейтингийн судалгааны дүнг долоо хоног тутам олон нийтэд мэдээлдэг, судалгааны маш олон хараат бус төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд судалгааны дүнг нийтлэхдээ уншигчдаа төөрөгдүүлэхгүйн үүднээс өндөр шалгуур тавьж цацдаг. Хаанаас захиалсан, ямар байгууллага гүйцэтгэсэн, хэдэн хүн хамруулсан, судалгааны алдааны магадлал хэд байх гэх мэтийг нягтална. Манай сонгуулийн хуульд санал хураах өдрөөс долоо хоногийн өмнө олон нийтийн санал асуулга хийхийг хориглосноос бусдаар санал асуулгыг хэвлэн нийтлэх тухай ямар ч зохицуулалт байхгүй байна. Хэвлэлээр зориуд мушгин гуйвуулсан, үнэний үндэсгүй дүн цацах боломж үүгээр бий болж ч мэднэ. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө үүнд чанга хандах хэрэгтэй болж байгаа юм. Хэн захиалсан, хаана, хэдийд, хэдэн хүний дунд ямар аргаар санал асуулга явуулсныг тодорхойлж байж цацах нь чухал байдаг.
-Сонгуулийн шинэ хуулиар сурталчилгааны хугацаа богиноссон, сурталчилгааг хэвлэн нийтлэх хэмжээ багассан гээд нэр дэвшигчийн гэхээсээ сонгогчдын эрхийг хязгаарласан заалтууд орж иржээ. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?
-Сүүлийн хэдэн сонгуулийн ирцийг харахад сонгогчдын ирц тогтмол 6-7 хувиар буурсан үзүүлэлттэй байдаг. Манай шинэ хуулийг Барууны судлаачид хүртэл нүдээ бүлтийлгэн хүлээн авсан. Таны асуултын агуулгатай би ч санал нэг байна. Дээр нь нэмж хэлэхэд, нэр дэвшигч өөрийгөө гүтгэгдсэн гэж үзвэл түүний гомдлоор ямар нэг шүүх үйл явцгүйгээр тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулах эрхийг зургаан сараар цуцлах заалт орсныг би хувьдаа хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт гэж үзэж байгаа.
-Монголчууд энгийн ахуйдаа хүртэл хамгийн их улстөрждөг ард түмэн байж ч магадгүй. Ингэхэд манайд улс төрийн шинжлэх ухаан хэр хөгжиж байгаа вэ. Та бол улс төр судлалын мэргэжлийн анхны ангийн төгсөгч бөгөөд шинжлэх ухаан талаас нь судалж, бас багшилж байгаа хүн шүү дээ.
-Шинжлэх ухаан, коммунизмын онол буюу ШУКО нуран унаснаас хойш улс төрийн шинжлэх ухаан Монголд үүсэж хөгжсөн нь ардчилалтай нас чацуу гэж үздэг. МУИС-д 1992 онд Улс төр судлалын тэнхим байгуулагдан, дараа жил нь анхны элсэлтээ авч, 1997 онд бидний 13 хүүхэд анхны төгсөгчид нь болж байлаа. 20 настай залуу шинжлэх ухаан учраас судлах зүйл ч их, санхүүгийн бэрхшээл нь ч их, ийм л салбар. Гэхдээ бидэнд давуу тал бий. Би 2006 онд Германд докторантурт суралцаж байхдаа нэг удаа багшдаа “Монголын улс төрийн шинжлэх ухаан залуухан, анхны үеийн судлаач бидэнд гарын авлага, ном ховроос авахуулаад олон бэрхшээл байдаг” гэж хэлсэн юм. Гэтэл багш маань “Харин наадах чинь давуу тал. Германд ямар нэг шинэ судалгаа эхлүүлэхэд маш хэцүү. Ямар нэг сэдэв бариад авахаар өмнө нь хэдэн арван хүн тал талаас нь судалчихсан байдаг. Тэгэхээр тэднийг заавал давсан судалгаа хийж байж хүлээн зөвшөөрөгдөнө” гэсэн. Яг үнэн. Одоо Монголын улс төрийн шинжлэх ухаанд пиар, сонгогчдын болон улстөрчдийн сэтгэл зүй гээд огт судлагдаагүй атраараа байгаа олон салбар бий. Өрнөдийн академик байгууллага, сан их, дээд сургуулийн тэтгэлгээр манай судлаачид гадаадад сурч, судалгаа хийж байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна л даа. Юу гэвэл, монголчууд бид ардчиллын уламжлалгүй улс орны иргэд. Ардчилалд шилжээд 25 жил болжээ гэдэг бол цэл залуухан түүх юм. Улс төрийн тогтолцоо маань ардчилсан институц рүү шилжсэн ч хүн нь, хүмүүс нь ардчилалд бүрэн шилжив үү? Тиймээс манай Засгийн газар иргэдийнхээ улс төрийн боловсролд гойд анхаарах шаардлагатай. Заавал хөрөнгө гаргах хэрэгтэй болж байна. ХБНГУ гэхэд дэлхийн хоёр ч дайны буруутан болсны хувьд, ахиж дарангуй дэглэм гаргахгүйн үүднээс ард иргэдийнхээ улс төрийн боловсролд хэдэн арван жилийг зарцуулсан, маш их хөрөнгө өнөөдөр ч тасралтгүй зориулсаар байдаг. 1945 оноос хойш 30 жилийн турш Герман улс хүүхдээ буу болон цэргийн машин, техникийг дуурайлган хийсэн тоглоомоор тоглуулдаггүй байсан талаар манай нэг настай профессорын гэргий ярьж байсан билээ. Энэ бол ардчилсан, энэрэнгүй, хүмүүнлэг нийгэм байгуулах, иргэдээ түүнд бэлтгэх, хүмүүжүүлэх төрийн бодлого юм.
-Та сонинд нийтлүүлсэн “Шилжиж чадаагүй Монгол” хэмээх өгүүлэлдээ 1990 оноос хойших 25 жилд бид юу олж, юуг алдав гэдгийг илэрхийлсэн. Шилжилтийг амжилттай болгохын тулд одоо юу хийх шаардлагатай байна вэ?
-Иргэдийн оюун сэтгэхүйд хөрөнгө оруулалт хийх. Их, дээд боловсрол гэж бүү ойлгоорой. Гадаад ертөнцийн соёлын довтолгоонд монголчуудын үнэт зүйл үгүй болох вий гэсэн болгоомжлол надад лав төрдөг. Суваг бүрээр гарч байгаа Солонгосын олон ангит кинонууд залуучуудын амьдралын хэв маягт өөрийн эрхгүй нөлөөлсөөр байгааг бид харж байна. Бөхийн өргөөнд мөнгө дууддаг хүнийг монголчууд “оюун санааны удирдагч” болгочихдог нь харамсалтай л байдаг юм. Тиймээс одоо монгол хүний оюун, үнэт зүйл, төлөвшилд анхаарах цаг үнэхээр болсон.
Ярилцсан: Б.Энхцэцэг