Бодлогын мэтгэлцээний АЛДАА & ОНОО

Өнгөрсөн баасан гаригт АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээн хийсэн билээ. Дэлхийн улс орнуудад улс төрчдийн мэтгэлцээнд судлаачид, мэргэжилтнүүд сэтгэл зүй, имиж мейкингийн анализ хийж тухайн улс төрчдийн алдаа оноог дүгнэдэг билээ. Тэгвэл АЗХ-ны тэргүүнд нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн судлаачид ийм анализ хийснийг толилуулж байна.

1858 онд АНУ-ын Сенатын сонгуульд нэр дэвшигч А.Линкольн, С.Дуглас нарын хооронд явагдсан цуврал мэтгэлцээн олон нийтийн анхаарлыг ихэд татаж, тодорхой асуудлаарх бодлогын үзэл баримтлалыг хүчтэй илэрхийлэн харуулсан учраас цаашдын улс төрийн практикт хэрэглэгдэх болсон билээ. Линкольн Дугласын мэтгэлцээн гэх энэ мэтгэлцээн нь тодорхой асуудлаар нэр дэвшигчид өөрсдийн үзэл баримтлалаа танилцуулахын хамт өрсөлдөгчийн байр сууринд няцаалт хийх журамтай юм.

АЗХ-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигчид Монголын улс төрд урьд өмнө огт хэрэглэж байгаагүй Линкольн Дугласын мэтгэлцээний журмаар явуулсан нь үзэгчдийн хувьд анхаарал татахуйц сонирхолтой мэтгэлцээн болж өнгөрөв. Мөн анх удаагаа намын залуучуудын байгууллагын сонгуульт албан тушаалд бодлогын мэтгэлцээн хэрэглэснээр Монголын улс төрд шинэ соёлыг авчирсан том алхам болов. Хоёр нэр дэвшигчийн хувьд мэтгэлцээний сэдвээр бэлтгэлтэй, илтгэх чадвар сайтай, ТВ имиж сайн байсныг дурьдах нь зүйтэй.

Харин хөтлөгчийн хувьд ТВ-ийн шууд нэвтрүүлэг хөтлөх туршлага дутагдаж сандрах, гацах, зарим үгийг буруу хэлэх алдаа гаргаж байсан боловч мэтгэлцээний сүүл хэсэгт энэ байдал засарсан.

Ингээд нэр дэвшигчдийн мэтгэлцээнд хийсэн анализаа танилцуулья.

Б.Болор-эрдэнэ VS С.Эрдэнэболд

Шалгуур 1. Имиж

Б.Болор-эрдэнэ

Ажил хэрэгч, зөв дүр төрхтэй бөгөөд телевизийн камерт харагдах байдал сайн хэдий ч өрсөлдөгчтэй харьцуулахад хүүхдэрхүү төрхтэй байсан нь имижийн гол сул тал байв.

Үс засалтын хувьд өөгүй.  Хувцаслалтын хувьд хар костюм, хар, саарал, цагаан өнгө бүхий эрээн зангиатай байсан нь улс төрчийн гадаад дүр төрхийг бүхэлд нь хүйтэн, анхаарал татах  зүйлгүй болгосон. Мөн эрээн зангиа зүүсэн нь үзэгчийг нүдийг сарниулах сөрөг нөлөөтэй байлаа. Харин костюмны өнгө нь өрсөлдөгчийнхтэй харьцуулахад телевизийн дэлгэцэн дээр царайг тодотгож илүү контрасттай аятайхан харагдуулж байсныг дурьдах нь зүйтэй. Б.Болор-Эрдэнэ нэр дэвшигчийн хувьд аксессуарууд нэлээн анхаарал татаж байсан. Тухайлбал, классик буюу уламжлалт загварын цаг зүүгээгүй нь алдаа болсон. Мөн баруун гарын хуруун дахь бөгж нэр дэвшигчийн гарын хөдөлгөөнтэй цуг хүмүүст тод харагдаж байлаа.

С.Эрдэнэболд

Ажил хэрэгч зөв дүр төрхтэй, телевизийн камерт мөн адил харагдах байдал сайн байлаа. Үс засалтын хувьд ажил хэрэгч. Хувцаслалтын хувьд хар саарал өнгийн хослол, хөх өнгийн зангиа зүүсэн нь мөн л хүйтэн өнгийг хэрэглэжээ. Энэ нэр дэвшигчийн хэрэглэсэн нэг аксессуар болох пиджакны энгэрийн халаасан дахь улаан эрээн алчуурыг яах гэж зүүсэн нь ойлгомжгүй, үзэгчийн анхаарал сарниулах зүйл болжээ. Улс төрчид албаны арга хэмжээ, телевизийн дэлгэцэн дээр ийм энгэрийн алчуур зүүдэггүй, зөвхөн хүлээн авалтын үед зангиатай хослуулан зүүдэг билээ. Харин өрсөлдөгчтэйгээ харьцуулахад нүдний шил нь давуу тал болж илүү төлөв түвшин, буурьтай төрх оруулж байв.

Шалгуур 2. Нүдэн харилцаа

 Судлаачдын тооцоолсноор хүмүүс хоорондын харилцаанд үг яриа ердөө 7 хувь, дуу хоолойны өнгө 38 хувь, биеийн хэл 55 хувийг эзэлдэг юм. Энэ зүй тогтол телевизийн дэлгэцэн дээр хүртэл үйлчилдэг. Өөрөөр хэлбэл телевизийн дэлгэцэн дэх улс төрчийн биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал зэрэг нь ярьж байгаа зүйлийн агуулгаас илүүтэйгээр үзэгчдийн анхаарлыг татдаг билээ. Тийм учраас телевизээр шууд явж буй халз мэтгэлцээний үед өрсөлдөгчид биеийн хэлийн өгүүлэмжид ихээхэн анхаарах ёстой. Улс төрчийн биеийн хэлнээс бусдад хамгийн нөлөө үзүүлэх хэсэг болох нүдний харцаар үзэгчидтэй холбоо тогтоох байдал юм. Дэлгэцэн дээр камер бол үзэгчийн нүдний үүрэг гүйцэтгэдэг тул улс төрч ярианыхаа дийлэнх хувьд камер руу харах, нүдний харц тогтвортой байх ёстой билээ. Ингэж байж бусдад итгэл үнэмшил төрүүлэх болно.

 

Б.Болор-эрдэнэ

Ерөнхийдөө нүдний харц камер руу чиглэж байсан ч үг хэлэх үедээ дээш, доош, хажуу тийшээ гүйлгэнэх хөдөлгөөн нэлээд байлаа. Өөрөөр хэлбэл нүдний харц тогтворгүй байгаа нь энэ улс төрчийг байр сууриндаа итгэлтэй бус, сандарсан байдалтай харагдуулж байв.

С.Эрдэнэболд

Камер руу эгц харж ярьж байсан бөгөөд өрсөлдөгчтэй харьцуулахад камертай харьцах чадвар илүү байлаа.  Нүдний харц нэлээд тогтвортой байсан ч үзэл баримтлалаа танилцуулах үедээ бэлдсэн цаас руугаа байн байн харж ярьсан нь үзэгчийн анхаарал сарниулах сөрөг нөлөөтэй байв.

Шалгуур 3. Дуу хоолойны өнгө, ярианы хурд

Б.Болор-эрдэнэ

Ярианы хурд боломжийн, дундаж үзэгч барьж авч сонсохуйц хэмжээнд байсан. Гэхдээ мэтгэлцээний туршид дуугаа өндөрсгөх байдлаар ярьж байсны зэрэгцээ бага зэрэг зуурч ярьж байсан нь анзаарагдав. Дуу хоолойн өнгө нэгэн хэвийн бөгөөд өндөр темпеер ярих үед жоохон баргил хоолойгоор дуугарч байв.

Сул үгний хувьд аа хэмээх аялга, тэр, болбол, гэсэн үгийг олонтаа хэрэглэв.

С.Эрдэнэболд

Дууны өнгө тод чанга уран илтгэгч маягийн, логик дэс дараалал сайтай, цэгцтэй. Харин үзэл баримтлалын илтгэлээ хэт хурдан темптэй эхэлснээс болж үзэгчдийн хувьд эхний хэсэгт юу ярьсан нь төдийлөн хоногшоогүй байх магадлалтай. Ер нь цагтаа амжихгүй байх вий, аль болох их юм ярина гэсэн бодолтой орсноос болж дундаж үзэгчийн ойлгох хурдаас илүү хурдтай ярьж байсан нь учир дутагдалтай юм. Сул үг бараг анзаарагдсангүй. Харин гадаад үгийг олонтаа хэрэглэсэн нь нэг талаар тухайн улс төрчийн хэлний мэдлийг илэрхийлэх давуу тал хэдий  ч массын хувьд гадаад үгийг яриан дундаа хавчуулдаг хүмүүст төдийлөн таатай бус ханддаг, хэт чамирхах гээд байгаа сэтгэгдэл төрүүлдгийг анхаарах нь зүйтэй байлаа.

Шалгуур 4. Биеийн хэл

Улс төрчийн байр суурийг үзэгч, сонсогчдод хүргэх, яриаг амьд болгох биеийн хэлний нөлөө бүхий хэсэг бол гарын хөдөлгөөн, дохио зангаа юм.  Улс төрч олны өмнө болон телевизийн дэлгэцнээ үг хэлэх үед үзэгчдийн анхаарал зөвхөн ярианы агуулгад биш, хийж буй үйл хөдлөлд мөн чиглэдэг. Тийм учраас сайн илтгэгч ярианы агуулга, эрчимд нийцүүлэн гарын дохио зангааг амжилттай хэрэглэж чаддаг билээ. Гэхдээ телевиз хэмээх мэдээллийн сувгийн онцлогоос болж камерын өмнөх улс төрчийн гарын хөдөлгөөн нь олны өмнө үг хэлэх бусад тохиолдлуудтай харьцуулахад нэлээд хязгаарлагдмал байхаас өөр аргагүй болдог онцлогтой. 

 

Б.Болор-эрдэнэ

Үзэл баримтлалаа илэрхийлэх, няцаалт хийх зэрэг мэтгэлцээний бүхий л хугацаанд гарын дохио зангааг амжилттай ашиглан яриагаа амьд болгож байсан. Мэтгэлцээний явцад хоёр гараа салаавчлах, долоовор хуруугаараа чичлэх, баруун гараа атгах хөдөлгөөнийг олонтаа давтсан. Ийнхүү чичлэх хөдөлгөөн нэлээд олон хийж байсан нь өрсөлдөгчтэй санал нийлэхгүй байгаа буюу өрсөлдөгчийг буруутгах өнгө аясыг илэрхийлж байгаа юм.

Мөн балаа эргүүлж, нэг хуруунаас нөгөөд солбих гэх мэт дэл сул хөдөлгөөн цөөнгүй хийснээс харахад сэтгэл зүйн хувьд бага зэргийн түгшүүртэй байсан. Биеийн хэлний хувьд нэг хөлөө байн байн солбин зогсох, дороо  байгаа нь үзэгчдэд сөрөг сэтгэгдэл төрүүлэхээр байв. Индэр дээр хэт их цаас тавьж мэтгэлцээний явцад хуудас хуудсаар эргүүлэн уншиж байсан нь туршлагатай мэтгэлцэгч нарын гаргадаггүй алдаа байлаа.

С.Эрдэнэболд                                                                                      

Өрсөлдөгчийн адил гарын дохио зангааг яриандаа амжилттай хэрэглэсэн.

Мэтгэлцээн эхлэхэд хоёр гараараа ширээн дээр цааснаас барьсан байсан бол мэтгэлцээний явцад гарын алгыг дэлгэсэн байдлаар ярьж байсан нь өөртэй итгэлтэй байгаагийн илрэл байв. Гарын хөдөлгөөний хувьд сул тал нь өрсөлдөгчийн адил балаа гартаа барьж ярих, өрсөлдөгч ярих үед балаараа оролдох хөдөлгөөнүүд байлаа.

Биеийн байрлал, зогсолтын хувьд өөгүй байлаа.

Шалгуур 5. Сэтгэл зүйн төлөв байдал

Монголд урьд өмнө болж байсан сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оролцогчидтой харьцуулахад энэ удаагийн хоёр мэтгэлцэгч сэтгэл зүйн төлөв байдал, биеэ хянан захирах тал дээр маш сайн байлаа. Тухайлбал, 2012 онд С.Баярцогт, С.Ганбаатар нарын хооронд болсон Оюу толгойн асуудлаарх бодлогын мэтгэлцээн дээр туршлагатай илтгэгч болох С.Ганбаатар тун хангалтгүй байж, сэтгэл зүйн хувьд түгшүүртэй, биеийн хэл учир дутагдалтай байсан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн дээр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бэлтгэл муутай, үг яриа хангалтгүй, хөлс гарах гэх мэтээр сэтгэл зүйн түгшүүр ажиглагдаж байсан. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд нэр дэвшигч С.Ганбаатар ихээхэн стрестт орж бүгдийг шүүмжлэх, дайрах байдлаар хэт түрэмгий зан үйл гаргаж байсан билээ. Тэгвэл АЗХ-ны тэргүүний сонгуульд өрсөлдөж буй хоёр улс төрчийн эхний халз мэтгэлцээнээс харахад бага сага алдаа гаргасныг эс тооцвол сэтгэл зүйн байдал тогтвортой амжилттай мэтгэлцсэн гэж дүгнэж болохоор байна. 

 

Б.Болор-эрдэнэ

Эхлэх үед бага зэрэг сандрангуй, өөртөө итгэл муутай байсан бол мэтгэлцээний дунд үеэс энэхүү түгшүүр арилсан. Харин өрсөлдөгчийн зүгээс няцаалт хийсний дараа хариу тайлбар хийх үед бага зэрэг түрэмгий өнгө аястайгаар гарын хөдөлгөөн ихтэйгээр ярьсан. Гэхдээ мэтгэлцээний бүхий л хугацаанд сэтгэл зүйн тогтворгүй байдал, айдас, стресс ажиглагдаагүй.

С.Эрдэнэболд

Мэтгэлцээн эхлэх үед өөртөө итгэлтэй сандралгүй зогсож байсан бөгөөд тод чанга дуугаар ярьж эхэлсэн нь өөртөө итгэлтэй, өөрийнх нь ярьж буй зүйлд итгэл төрүүлэхүйц харагдаж байв.

Харин няцаалтыг өрсөлдөгчийн нэр зааж хүчтэй хийж байгаа нь АНУ-ын сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй адил байсан нь анхаарал татаж байна. Гэхдээ мэтгэлцээний уламжлалгүй Монголын үзэгчдийн хувьд ийнхүү өрсөлдөгч рүү хүчтэй дайралт хийх нь залуу сонгогчдоос бусад бүлэгт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц юм

Шалгуур 6. Үзэгчдэд хоногшихуйц statement буюу хүчтэй мэдэгдэл, мессеж үлдээсэн эсэх

Б.Болор-эрдэнэ

“Иргэний оролцоогүй баялгийн хуваарилалт бол хулгай юм” гэдэг мэдэгдлийг тод илэрхийлснээр үзэгчдэд хоногшихуйц хүчтэй мессеж болсон.

С.Эрдэнэболд

“Баялгийн шударга хуваарилалт” гэдэг нь энэ нэр дэвшигчийн хүмүүст үлдээсэн гол мессеж болсон. Мөн үзэл баримтлалаа илэрхийлэхдээ “АН бол баруун төвийн нам” гэж намын бодлого үзэл баримталын хүрээгээ тодорхой зааснаар ярих зүйл нь илүү цэгцтэй болсон юм.

Шалгуур 7. Итгүүлэн үнэмшүүлэх чадвар

Энэхүү мэтгэлцээн нь АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдэд зориулагдсан учраас намын залуу гишүүдийг ухуулан татах нь хоёр мэтгэлцэгчийн гол зорилго байсан. Тийм учраас мэтгэлцээний бүхий л хугацаанд хоёр улс төрч энэхүү зорилгод захирагдаж үг хэл, мессежийг илэрхийлэх ёстой байв. 

 

Б.Болор-эрдэнэ       

Мэтгэлцэгч гол зорилгыг ухамсарлах, үг яриа, мэдэгдлээрээ илэрхийлэн харуулах тал дээр учир дутагдалтай байв. АН-ын залуучуудад зориулсан үгийг ганцхан удаа буюу мэтгэлцээний төгсгөлд л хэлсэн юм.

С.Эрдэнэболд

АН болон АН-ын залуу гишүүдэд зориулсан мэдэгдэл, уриа лоозонг амжилттай хэрэглэж мэтгэлцээний бүх хугацаанд үндсэн зорилгоо марталгүй амжилттай дуусгав. Байр сууриа илэрхийлэх, жишээ татахдаа, үгийн эхэнд болон төгсгөлд намын гишүүддээ хандсан мессеж хүргэж чадаж байв. Ялангуяа мэтгэлцээний төгсгөлийг хүчтэй, хоногшихуйц сайн хийсэн.

Шалгуур 8. Бодлогын шийдэл, оновчтой санаа дэвшүүлэх байдал

Б.Болор-эрдэнэ

Үзэл баримтлалын гол илтгэл дээрээ шийдлээ танилцуулахгүй их цаг алдсан. 6 минутаас 3.26 минут буюу тэн хагасыг нь оршил болон өгөгдсөн нөхцөл болон нийгэмд тэгш бус байдал газар авлаа гэдгийг давтан ярьсан нь тактикийн хувьд том алдаа байлаа.

Илтгэлийн үндсэн агуулга, мэдэгдлүүд нь өгөгдсөн сэдвийн гол сегмент болох орлого багатай иргэд, нийгмийн тэгш бус байдлаас маш холуур байсан нь иргэдийн оролцоотой баялгийн шударга хуваарилалт татвар, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын хүний нөөцийн бодлого зэргийг ярьснаас харагдаж байгаа юм. Энэ улс төрчийн хувьд бизнесийн салбарын хүн учраас бүхий л хугацаанд бизнес, татвар, компани гэсэн үгнүүдэд ач холбогдол илүү өгч байлаа.

Мөн асуудлын гол шийдлийг тодорхой хэлэхгүй байсаар дуусгасан.

С.Эрдэнэболд

Үзэл баримтлалын илтгэлийн эхэнд Английн улс төрчийн хэлсэн үгнээс жишээ авсан нь үндсэрхэг үзэл, Монгол ялна уриа газар авсан өнөөгийн нийгэм, залуучуудын хувьд төдийлөн таалагдахгүй буюу “гадаадыг шүтсэн” нөхөр гэсэн сэтгэгдэл төрүүлж магадгүй байв.

Үндсэн илтгэлийн явцад нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд авах арга хэмжээ буюу байр сууриа цэгцтэй, дэс дугаартайгаар хэрэглэсэн нь өрсөлдөгчтэй харьцуулахад давуу тал болсон.

 1. Төсвийг дэд бүтэц, эрүүл мэнд, гэх мэтэд зарцуулах ёстой

 2. Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах дэмжих замаар төр тунгалаг хяналттай болно

 3. Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг ахиулах байдлаар дэмжих ёстой гэсэн 3 аргумент дэвшүүлэв.

Хэдий тийм боловч мөн л иргэд, орлого багатай хүмүүсийн анхаарлыг хүчтэй татах үзэл баримтлал, гаргалгаа хэлсэнгүй. Өрсөлдөгчийн адил татварын дарамт, бизнес ярьсаар байв.

Шалгуур 9. Үзэгчдийн сэтгэгдэл

Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн судлаачид энэхүү мэтгэлцээнийг шууд үзсэн 65 оюутнаас бүлгийн ярилцлагын аргаар хоёр мэтгэлцэгчийн талаар үнэлэлт, сэтгэгдлийг тодруулсан юм. Үүнээс хамгийн их давтагдсан сэтгэгдлэл, үнэлэмжийг авч үзье. 

 

Б.Болор-эрдэнэ

Арай л туршлага багатай харагдсан, нас нь арай залуу байх, жаахан сандраад байсан, илтгэлээ маш тойруу, холоос эхэлсэн, хүй нэгдлийн үеийг ярих хэрэг байсан уу гүй юу, арай царайлаг нь байсан, нэг ярьсан юмаа дахин дахин яриад байсан

С.Эрдэнэболд

Мэтгэлцээний эхнээс авахуулаад дуусах хүртэл өөртөө итгэлтэй байсан, гэхдээ зарим үед хэт их итгэлтэй бардам байсан, нөгөө хүн рүүгээ дайраад байсан, дуу хоолойны өнгө маш гоё, хэзээний мундаг мэтгэлцэгч байна лээ, энэ улс төрчийг хараад илтгэх урлаг, мэтгэлцээнд суралцмаар санагдсан.

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг

Эх сурвалж: toimnews.mn