2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАН-аас нэр дэвшигч тодорсонтой холбогдуулан улс төр судлаач Ц.Мөнхцэцэгийн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа хэрхэн өгч ирсэн талаарх өгүүллийг толилуулж байна.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун удахгүй болох гэж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн ялалт, ялагдлыг шийддэг гол хүмүүс болох манай сонгогчдын талаарх мэдээлэл өдрийн од шиг ховор байх юм. Тийм учраас энэ удаа сонгогчдынхоо талаар цухас дурьдая.
Монголын сонгогчид гэж ямар хүмүүс байна вэ. Ямар онцлогтой вэ
Сүүлийн жилүүдэд нэг сонгуулиас нөгөө сонгуульд улс төрийн намд өгөх санал өгөлтөө өөрчилдөг буюу хөвдөг сонгогчдын тоо нэмэгдэж байна. Санал өгөлт нь тогтворгүй байдаг эдгээр сонгогчид нийт сонгогчдын 30 орчим хувийг эзэлж байна, өөрөөр хэлбэр монголчуудын гурван хүн тутмын нэг нь улс төрийн аль ч намыг дэмждэггүй, тухайн үед салхи хаашаа байна, тийшээ хийсч байдаг гэсэн үг.
Ерөнхий зүй тогтлын хувьд Монголын сонгогчдын улс төрийн намыг дэмжих байдал буурч, харин үүний оронд янз бүрийн том амлалт, элдэв янзын уриа лоозон бүхий популистуудад татагдах явдал нэмэгдэж байгаа юм. Сонгогчдын 25-30 хувь нь санал хураалтын сүүлийн долоо хоног хүртэл саналаа хэнд өгөхөө шийдээгүй эргэлзсээр байдаг нь бидний сонгуулийн үеэр хийдэг цуврал судалгаанаас харагддаг.
Монголын сонгогчдын дараагийн нэгэн онцлог нь эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих байдал нэмэгдэж байгаа явдал юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэй улстөрчдийг дэмжих байдал тогтвортой ажиглагдаж байгаа. Тухайлбал УИХ-ын 2012 оны сонгуулийн жишээн дээр үзэхэд эмэгтэй нэр дэвшигчийн сонгогдох магадлал эрэгтэй улстөрчийнхөөс даруй 2,5 дахин өндөр байлаа.
Нутгархах хандлага
Өөрийн нутаг уснаас Төрийн тэргүүнээ сонгох гэсэн хүсэлтэй хүмүүс бол орон нутгийн сонгогчид. Нэр дэвшигчид өөрийн нутагт хамгийн өндөр буюу 70-аас дээш хувийн санал авч ирсэн байдаг. 1993 онд П.Очирбат төрсөн нутагтаа буюу Завханд 78.73, Л.Түдэв Говь-Алтайд 77.76, харин 1997 онд Завханаас гаралтай хоёр нэр дэвшигч болох П.Очирбат, Н.Багабанди нарт тус аймгийн сонгогчдын санал хуваагдаж Н.Багабанди 61.93, П.Очирбат 33.58 хувийн санал авч байв. Тиймээс энэ жил Ховдын 61.17 хувь, Хэнтий аймгийн 62.5 хувь нь мөн л энэ жишгээр нутгийн хүндээ санал өгчээ.
Сонгогчдын оролцоо ямагт буурсаар
Өнгөрсөн жилүүдийн Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гээд л бүх л сонгуулиудын ирцээс харахад монголчуудын улс төрийн идэвхи оролцоо, санал өгөлт жил ирэх тутам буурсаар байна.
Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нийт санал өгөх ёстой нэг сая 900 гаруй сонгогчоос 63.89 хувь буюу 1,223,737 нь оролцов. Өмнөх сонгууль буюу 2009 оныхтой харьцуулахад даруй 10 гаруй хувиар ирц буурчээ. Уг жил жилийн сонгуульд нийслэл Улаанбаатарын сонгогчидтой харьцуулахад орон нутгийн сонгогчид илүү идэвхтэй ордог байсан бол энэ удаад байдал эсрэгээр болов. Нэлээн хэдэн аймагт бороо орж байсан нь иргэдийн сонгуулийн оролцоонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой.
Гэхдээ энэ жилийн сонгуулийн хугацаа богино байсны зэрэгцээ сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэл, айл өрхөөр тараах ухуулгын материал зэрэг бүхий л сурталчилгаа ихэд хязгаарлалттай явагдсан нь хүмүүсийн сонгуулийн идэвхид нөлөөлсөн юм.
Мөн нөгөө талаас сонгуулийн кампани хүмүүсийн сонирхлыг татахуйц үзүүштэй, хурц өрсөлдөөнтэй болоогүй тохиолдолд сонгогчдын ирц буурдаг жамтай.
Иргэд эхний санал хураалтаар Ерөнхийлөгчөө тодруулсаар ирэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасан байдаг ч өнгөрсөн таван удаагийн сонгуулийн дүнгээр ямагт эхний санал хураалтаар ялагч тодорч ирсэн билээ.
1993 оны анхны сонгуульд МАХН-аас Л.Түдэв, П.Очирбат нар өрсөлдсөнөөс П.Очирбат 57.78 хувийн саналаар ялалт байгуулсан юм.
1997 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 60.81 хувийн санал авч Ерөнхийлөгчид сонгогдсон нь сонгогчдоос хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болсон юм. П.Очирбат 29.81, Гомбожав 6.64 хувийн саналыг тус тус авсан байна.
2001 оны сонгуульд Н.Багабанди 58.13 хувийн саналаар хоёр дахь удаагаа төрийн тэргүүнд сонгогдсон бол түүний өрсөлдөгч Р.Гончигдорж 36.53, Л.Дашням 3.54 хувийн санал авчээ.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр 53.44 хувийн саналаар ялалт байгуулсан бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 20.03 хувийн санал авсан нь тус намын нэр дэвшигчийн авсан хамгийн бага санал болж байна. Энэхүү сонгуульд анх удаагаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын санал ихээхэн хуваагдаж Б.Жаргалсайхан 13.85, Эрдэнэбат 11.33 хувийн санал авав.
2009 оны сонгуульд МАХН-аас тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АН-аас Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж сонгогчдын 51.24% нь АН-ын Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Энхбаярыг дэмжиж санал өгчээ.
2013 онд Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн санал авав.
Энэхүү дүнгээс үзэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялсан нэр дэвшигчдээс хамгийн бага санал авсан Ерөнхийлөгч болж байгаа юм.
МАН-ын гол дэмжигч аймгууд
Ерөнхийлөгчийн сонгуулиудын дүнгээс харахад 1993 онд Баян-Өлгий, Дундговь, Увс, Ховд, 1997 онд Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Увс, Ховд аймгууд, 2005 онд Говь-Алтай, Сүхбаатар, Увс аймгийн сонгогчдын 60-аас дээш хувь нь нэр дэвшигч Н.Энхбаярт саналаа өгч байв. Харин 2009 онд Н.Энхбаяр Говьсүмбэр, Сүхбаатар аймагт 60-аас дээш хувийн санал авч байсан юм. 2013 онд Сүхбаатар 54.49, Дундговь 53,8, Дорноговь 53.3 хувиар тус тус Б.Бат-Эрдэнийг дэмжигч гол аймгууд боллоо.
АН-д ээлтэй аймгууд
Нэр дэвшигчийн төрсөн аймгийг эс тооцон бусад аймгуудын сонгуулийн дүнгээс харахад 1993 онд Хэнтий, Архангай, Баянхонгор, 1997 онд Архангай, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгууд АН-аас нэр дэвшигч П.Очирбатын төлөө Улаанбаатарын сонгогчдоос ч илүү өндөр санал өгсөн байна. Мөн 2001 онд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, 2005 онд Дорнод, Хөвсгөл, 2009 онд Архангай, Дорнод, Хөвсгөл аймгийн сонгогчдын олонх АН-аас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгч иржээ. Эндээс үзвэл Дорнод, Хөвсгөл аймгуудын сонгогчдын олонх АН-аас нэр дэвшигчид саналаа өгч ирсэн уламжлалтай байна. Ц.Элбэгдоржид саналаа өгөх магадлалтай. Мөн хамгийн сүүлийн сонгууль буюу орон нутгийн сонгуульд АН олонх болсон Сүхбаатар аймгаас бусад аймгууд болох Баян-Өлгий, Өмнөговь аймгийн сонгогчдын олонх АН-ын нэр дэвшигчид саналаа өгчээ.
АН-ыг анхнаас нь дэмжигчид бол хотынхон
Өнгөрсөн сонгуулиудын түүхээс харахад бүр анхнаасаа л нийслэл Улаанбаатар болон Эрдэнэт, Дарханы сонгогчид АН-аас нэр дэвшигчдийн гол дэмжлэг болж ирсэн байдаг. Тухайлбал, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аймгуудын нэгдсэн дүнгээр 50.25 хувийн санал авсан Н.Энхбаяр хөдөөд ялалт байгуулсан бол Ц.Элбэгдорж нийслэлийн сонгогчдын 55.59 хувийн саналыг авсны хүчинд нийт дүнгээр тэргүүлсэн юм.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн найдвартай ар тал болох нийслэлчүүдийн 54.47 хувь нь түүнд, 38.8 хувь нь Б.Бат-Эрдэнэд, 5.75 хувь нь Н.Удвалд саналаа өгсөн бол хөдөөд Ц.Элбэгдоржийн төлөө 46.61, Б.Бат-Эрдэнэд 44.68, Н.Удвалд 7.1 хувь нь саналаа өгчээ.
Ц.Элбэгдоржийг ялахад нөлөөлсөн сонгогчид
Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс 102 414 сонгогчийн санал илүү авч ялалт байгуулсан. Ц.Элбэгдоржийг ялахад гол нөлөө үзүүлсэн сонгогчид бол нийслэлийн сонгогчид юм. Нийслэлд Ц.Элбэгдорж 87936 мянган сонгогчоор илүү байгаа юм. Үүний дараа нэр дэвшигчийн төрсөн нутаг Ховд аймгийг эс тооцвол Хөвсгөл, Орхон, Баян-Өлгий, Дорнод, аймгийн сонгогчид орж байна. Хөвсгөлд Бат-Эрдэнээс 6229 сонгогчоор илүү санал авчээ. Орхонд 5810, Баян-Өлгийд 5542, Дорнодод 4300 сонгогчоор тус тус илүү гарчээ.