Парламент сонгогчдыг төлөөлөх, хууль батлах, Засгийн газарт хяналт тавих гэсэн гурван үндсэн үүрэгтэй. Эдгээр гурван үүрэг дотроос парламент сонгогчдыг хэрхэн төлөөлөх вэ гэдэг асуудал нь нэлээд ярвигтай бөгөөд ганц Монголд өнөөдөр тулгамдаад байгаа ч юм биш бусад улс орнууд нэгэн цагт энэ асуудлаар мөн адил маргаан мэтгэлцээн өрнүүлж байсан асуудал билээ.
Парламентын төлөөллийн зарчим нь парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой.
Парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юу?
Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.
Өдгөө дэлхий дахинд пропорциональ системээр хууль тогтоох байгууллагаа бүрдүүлдэг 89 улс байгаагаас Австри, Бельги зэрэг Баруун Европын ихэнх улсууд, Чех, Эстони, Унгар зэрэг Зүүн Европын посткоммунист орнуудыг дурьдаж болно.
Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой.
Гэвч улс орнуудын газар нутгийн онцлог, үндэстэн угсаатны бүтэц, хүн амын тархан суурьшсан байдлаас хамаараад парламентын гишүүн бүр ижил тооны сонгогчийг төлөөлөх боломж харилцан адилгүй байж ирсэн юм.
Тийм учраас сонгогчдыг тэгш төлөөлдөг парламент бий болгох оролдлогуудыг улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан хийж ирсэн. Үүнээс хамгийн түгээмэл хувилбар бол пропорциональ системээр парламентыг бүрдүүлэх явдал юм. Пропорциональ системийн үед улс орны газар нутгаар хуваасан тойрог гэж байхгүй тул парламентын гишүүн бүр улс орны нийт хүн амын өмнө хариуцлага хүлээж тэднийг төлөөлдөг байна. Өдгөө дэлхий дахинд пропорциональ системээр хууль тогтоох байгууллагаа бүрдүүлдэг 89 улс байгаагаас Австри, Бельги зэрэг Баруун Европын ихэнх улсууд, Чех, Эстони, Унгар зэрэг Зүүн Европын посткоммунист орнуудыг дурьдаж болно.
Парламент сонгогчдыг тэгш төлөөлөөд зогсохгүй парламент нийгмийн бүтцийг тусгах ёстой юу?
Тэгш төлөөлөл бүхий парламентыг бий болгох дараагийн нэг асуудал нь зөвхөн сонгогчдыг тооны хувьд тэгш төлөөлөөд зогсохгүй парламент нийгмийн бүтцийг тусгах ёстой гэсэн хандлага билээ. Энэ хандлагыг улс төр судлалд нийгмийн бүтцийн төлөөлөл гэж нэрлэдэг. Энэ хандлагын дагуу улс орон дахь үндэс угсаа, шашин, соёлын цөөнх, ялгаатай бүлгүүд, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд, цагаачид, эмзэг бүлгийнхэн гэх мэт нийгмийн бүтцийн төлөөллийг парламент ямар нэг байдлаар тусгах ёстой юм. Өөрөөр хэлбэл парламент бол нийгмийн толин тусгал байна гэсэн үг. Улс орнуудын парламентад нийгмийн бүтцийг тэнцвэртэй төлөөлүүлэх асуудлыг сонгуулийн, жендерийн тэгш байдлын, улс төрийн намын хуулиар тус тус зохицуулдаг.
Парламент нийгмийн төлөөллийг хангах асуудал нэлээд бэрхшээлтэй байдгийг зарим бүс нутаг, улс орнуудын жишээн дээрээс харж болно. Тухайлбал Европарламентын үйл ажиллагааг шүүмжилдэг гол зүйл нь тус парламент Европын нийт иргэдийн төлөөллийг тэгш тусгаж чадахгүй байгаа явдал гэдэгт олон судлаач санал нэгддэг. Британийн судлаач Скарров, Маркс нар Европарламент тус бүс нутгийн дээд боловсролтой, дунд юмуу дээд давхаргын иргэдийг л төлөөлдөг гэж үзсэн байдаг. Үүний гол шалтгаан бол Европарламентын сонгуульд нэр дэвшигчдийн олонх дээд боловсролтой, дундаас дээш орлоготой хүмүүс байдагтай холбоотой гэж судлаачид тайлбарлдаг байна.
Даяарчлалын нөхцөлд улс орнуудын хооронд цагаачлал, шилжин суурьшилт хүчтэй явагдаж байгаагаас болж парламент нийгмийн бүтцийг төлөөлөх явдал улам бүр хүндрэлтэй болж байгаа ч зарим улс, засгийн газрууд урьд өмнө байгаагүй шийдмэг алхам хийж байна. Үүний нэг жишээ Канадын парламентын доод танхимын 2015 оны 10 сард явагдсан сонгуулиар ялалт байгуулсан Либераль намын лидер Жастин Трюдогийн шинэ засгийн газар юм.
Тэрбээр засгийн газраа бүрдүүлэхдээ 30 сайдын 15 нь эмэгтэй, 15 нь эрэгтэй, цагаач иргэд, абориген, ижил хүйстэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэтээр Канадын нийгмийн олон янз байдал, бүтцийг тэгш төлөөлж байгуулсан нь дэлхий дахинд шуугиан тарьж байгаа юм.
Парламент болон засгийн газар нийгмийн бүтцийг төлөөлөх ёстой гэсэн хандлагыг эсэргүүцсэн парламент мэргэшсэн байх ёстой, нийгмийн бүтцийг төлөөлөх албагүй хэмээх байр суурь зарим улс орнуудад хүчээ авч байгаа бөгөөд тухайн салбарын сайд нь заавал мэргэжлийн хүн байх албагүй мэргэшсэн улс төрч байх ёстой гэх мэтээр үздэг юм. Энэ асуудал нь судлаачид болон улс төрчдийн дунд маргаантай хэвээр байна.
Парламент газар нутгийн төлөөлөл байх ёстой юу?
Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн билээ. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юм. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм.
2015 оны байдлаар парламент бүхий дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна.
УИХ иргэдийг тэгш төлөөлж чадаж байна уу?
Монгол улсын парламент хүн амын төлөөлөл байх уу, газар нутгийн төлөөлөл байх уу гэдгийг 1992 оны үндсэн хуулинд тодорхой заасан байгаа. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт бол УИХ тойргийн бус иргэдийн төлөөлөл байх ёстойг илэрхийлж байна.
3 сая хүн амтай, 21 аймагт хуваагдсан өргөн уудам газар нутагтай атлаа хүн амын тэн хагас нь нийслэлдээ төвлөрөн суурьшсан Монгол улсын хувьд нэг танхимтай 76 гишүүнтэй УИХ иргэдийн төлөөллийг хангаж чадаж байна уу үгүй юу гэсэн асуудал эрт орой нэгэн цагт тавигдах л байсан
Тэгвэл УИХ иргэдээ тэгш төлөөлж чадаж байна уу? Энэ асуултад шууд хариулбал Монголын парламент иргэдийг тэгш төлөөлж чадахгүй байгаа. 3 сая хүн амтай, 21 аймагт хуваагдсан өргөн уудам газар нутагтай атлаа хүн амын тэн хагас нь нийслэлдээ төвлөрөн суурьшсан Монгол улсын хувьд нэг танхимтай 76 гишүүнтэй УИХ иргэдийн төлөөллийг хангаж чадаж байна уу үгүй юу гэсэн асуудал эрт орой нэгэн цагт тавигдах л байсан, энэ УИХ байна уу, дараагийн УИХ байна уу ялгаагүй.
Улс төрийн намуудын хооронд “хэрүүлийн алим” болоод байгаа нийслэлээс сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж хөдөөнөөс сонгогдох гишүүдийг цөөлөх үү, тэгвэл хөдөө орон нутгийн эрх ашиг яах болж байна гэх мэт асуудал нь зүй ёсны зүйл. Улс төрийн намууд энэ асуудлаар талцаж хөлөө жийлцээд байх ч шаардлагагүй. Тэгвэл одоо яах вэ? Одоо үйлчилж буй Үндсэн хууль болон хууль тогтоомжийн хүрээнд шийдэх, эсвэл Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар шийдэх гэсэн арга замууд байж болох юм.
Хувилбар 1: Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх
Өдгөө үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдэх арга бол иргэдийн төлөөллийг тэгш байдлаар хангах үүднээс нийслэлээс сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд тойргоос сонгогдох гишүүдийг нийслэл ба аймгийн иргэдийн тоонд хувь тэнцүүлэн хувааж нийслэлд Монгол улсын хүн амын 44 хувь нь оршин сууж байгаа тул тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 22-ийг нийслэлд хуваарилах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл нийслэлээс 14 гишүүн сонгогдож байгаа дээр 8 мандатын эрх нэмж олгоно гэсэн үг. 21 аймгийн сонгогчдын эрх ашгийг мөн харгалзан үзэж ямар ч байсан аймаг болгон нэг, Хөвсгөл, Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг 100 мянга давсан хүн амтай аймгууд 2 мандаттай байхаар зохицуулж болно. Ингэх нь одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд авч буй тэгш төлөөллийг хангахад чиглэсэн хамгийн доод буюу минимум арга хэмжээ билээ.
Хувилбар 2: Сонгуулийн хувь тэнцүүлэх систем нэвтрүүлэх
Дээрх шинэчлэлийг хийснээр төрийн бодлогод хотын төлөөлөл илүү тусч алслагдмал хязгаар нутгийн иргэдийн эрх зөрчигдөнө гэж үзвэл сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах замаар буюу хувь тэнцүүлэх систем рүү шилжих шаардлагатай. Өмнө дурьдсанаар хувь тэнцүүлэх систем нь улс орныг тойргуудад жижиглэн хуваадаггүй, парламентад сонгогдсон гишүүн бүр улс орны нийт сонгогчдын өмнө хариуцлага хүлээдэг тул аль нэг аймаг, сум, хотын эрх ашиг төрийн бодлогод түлхүү тусгагдаж, нөгөөгийнх нь эрх ашиг хаягдах боломжгүй хувилбар юм.
Хувилбар 3: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах
Хэрэвзээ зарим улс төрийн нам хүчин хувь тэнцүүлэх системийг хүлээж авахгүй гэж үзвэл сүүлийн хувилбар болох одоо үйлчилж буй Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх шийдлийг сонгоход хүрнэ. Үүний тулд мөн хоёр хувилбараас сонгох шаардлагатай. Нэгд, одоо байгаа нэг танхимтай парламентын бүтцийг хэвээр хадгалж гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Ингэхдээ нийт хүн амын тоо, газар зүйн хүчин зүйлстэй уялдуулан бусад улс орнуудын жишгийг дагаж тооцоолбол Монгол улсын парламент 120-140 гишүүнтэй болгох хувилбарыг сонгоно гэсэн үг. 120 гишүүнтэй болоод өдгөө байгаа холимог системийн бүтцээр УИХ-ыг бүрдүүлэх тохиолдолд жагсаалтаар 44 гишүүн нь орж ирж, 76 нь тойрогт өрсөлдөх бөгөөд үүнээс 33 нь нийслэлээс, 44 нь аймгуудаас сонгогдох боломжтой болно.
Хэрэвзээ зарим улс төрийн нам хүчин хувь тэнцүүлэх системийг хүлээж авахгүй гэж үзвэл сүүлийн хувилбар болох одоо үйлчилж буй Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх шийдлийг сонгоход хүрнэ.
Хоёр дахь буюу аймаг орон нутгийн төлөөллийг тэгш тусгах нэг хувилбар нь бүх нийтийн сонгуулиар сонгогддог доод танхим, аймаг, хотын төлөөллийг хангах зорилгоор шууд бусаар бүрддэг дээд танхим гэсэн хоёр танхим бүхий парламенттай болох явдал юм.
Энэ тохиолдолд дээд танхим нь АНУ, ОХУ зэрэг холбооны байгууламж бүхий улсуудын парламентын дээд танхимын адил онцгой эрхтэй бус, цөөн тоотой гишүүдтэй байхаар бүрдүүлж болох юм. Нэгдмэл улс мөртлөө хоёр танхимтай парламент бүхий улсууд нэлээд байдаг. Нидерланд, Ирланд, Чех, Итали зэрэг улсуудыг дурьдаж болно. Эдгээр улсад дээд танхим нь орон нутгийн төлөөллийг хангахаас гадна доод танхимаа тогтоон баригч “тоормоз” болдог гэж судлаачид үздэг юм. Дээд танхим нь бүрэн эрхийн хугацаа арай урт, бүрэлдэхүүний тоо цөөн, танхимыг шинэчлэх нь бүхэлдээ биш, ротаци маягаар явагддаг онцлогтой.
Эдгээр онцлог нь дээд танхимыг тогтвортой, байнгын уламжлагдах чанартай болгодог юм. Тийм учраас сонгогчдын нөлөө, улс төрийн намуудын тэмцэл, дарамтанд үргэлж өртөж байдаг доод танхимын яаруу адгуу шийдвэр гарахаас зайлсхийх боломжийг дээд танхим олгодог юм. Хуулийг ихэнхдээ хоёр танхимын нэгдсэн саналаар гаргадаг тул дээд танхим хуулийн төслийг авч үзэж хэлэлцэх нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулдаг байна.
Улс орнуудын практикаас харахад хоёр танхимтай парламентын дээд танхим нь орон нутгийн төлөөллийг хангадаг бол доод танхим нь нийгмийн бүтцийг тэгш төлөөлөхөд чиглэдэг юм.
Дээр дурьдсанаас үзэхэд УИХ-д иргэдийн тэгш төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд өдгөө үйлчилж буй хуулийн хүрээнд шийдэх, эс бөгөөс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хоёр арга зам байгаа нь харагдаж байна. Эдгээрээс цаг хугацааны хувьд ч тэр, хялбар дөхөмийг бодсон ч тэр нийслэлийн тойргуудын мандатыг нэмэх нь хамгийн зохистой хувилбар юм.
Эх сурвалж: eagle.mn